Монгол залуус арлын оронд очиж, үндэснийх нь бөхөөр амжилт гаргах шанг татсан, япончуудын дунд мэхний “их дэлгүүр” хэмээн нэгэн цагт нэрлэгдэж явсан, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат тамирчин Даваагийн Кёкүшюзанбатбаярт холбогдох хэргийг ирэх долоо хоногт шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр товлоод байна. Түүнтэй хамт эхнэр, Гавьяат жүжигчин Т.Баясгалан болон бизнесийн хамтрагч Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд хавтаст хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг арваннэгдүгээр сарын 18-ны 10.00 цагт хийхээр болсон юм.
Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал, өмнөд хөршийн иргэн Вү Сэнчианг гэх хүнээс 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг мэхлэн авсан хэрэгт холбогдсон юм. Ингэхдээ дээр нэр дурдсан хятад иргэнийг орчуулагчийнх нь хамт тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нартай Төрийн ордонд уулзуулан “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл төрүүлж, уг чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, Тавантолгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна гэх агуулгатай албан бичгүүдийг Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын өмнөөс хуурамчаар үйлдэж өгснийг мөрдөгчид тогтоосон. Улмаар Вү Сэнчиангтэй гэрээ байгуулж 2009-2010 оны хооронд юань, америк болон хонконг доллар нийлсэн 2.8 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх валютыг нь залилж авчээ. Түүнчлэн Б.Цэрэндорж гэх хүнтэй хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн дээрх иргэнээс 2011 онд нийт 14 тэрбум шахам төгрөг залилан авсан хэмээн буруутгаад буй билээ.
Харин гэргийнхээ хамтаар Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн хэрэгт холбогдсон. Мэхний “их дэлгүүр” хэмээх Д.Кёкүшюзанбатбаярын мэхэлж авсан газруудын нэг Арцатын аман дахь орон сууцууд манай гэрэл зурагчны дуран ийнхүү бууж байна. Тэнд өчигдөр ч бүтээн байгуулалт өрнөж байсан агаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Арцатын аман дахь байгаль хамгаалагчийн байшин өндөр барилгын сүр, дэргэдүүр нь өнгөрч буй хүнд даацын машинуудын тоос шороонд булагдан хөөрхийлэлтэй харагдаж байв. Уг нь дархан цаазат газрын хамгаалагч суусаар атал авсан газраа зориулалт бусаар ашигласаар. Байгаль хамгаалагчийн амыг үдэж, нүдийг нь боочихоогүй л байлтай.
Д.Кёкүшюзанбатбаяр аялал жуулчлалын зориулалтаар хамаарал бүхий хүн буюу төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Арцатын аманд 8.7 га газар авч “Марриот бютик” бизнес зочид буудал барихаар болсон. Гэвч өдгөө тэнд бизнес зэрэглэлийн зочид буудал бус, орон сууцын хорооллууд босчихоод байгааг зургаас та харж байна. Арцатын аманд 5.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 12 га газарт 2015-2018 онд Д.Кёкүшюүзанбатбаяр, улсын заан Ч.Батзориг нарын хамтран эзэмшдэг “Хөрш заанууд” болон Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын нэр дээр байгуулсан “Өлзийт голын эх” ХХК-ийн нэрээр хоёр давхар бүхий 93 амины орон сууц (хаус), таун хаус, үйлчилгээний зориулалттай хоёр барилга бариулж, тэдгээрийн төлбөрт 62 хаусын каркасыг өгч, 31-ийг нь өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үлдээснийг ч хууль сахиулагчид тогтоосон гэнэ. Тэдгээрээсээ дөрвийг нь нэг тэрбум гаруй төгрөгөөр борлуулсан байжээ. “Өлзийт голын эх” компани уг нь тус аманд таван га газар авсан гэнэ. Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө тэнд нь бас л орон сууцын хорооллууд сүндэрлэсэн. Уг компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард авсан газрынх нь хамт найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн байдаг. Ийнхүү БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтныг төөрөгдүүлж, Арцатаар тогтохгүй Богдхан уулын бусад аманд нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа.
Бэлтгэсэн Г.Равжаа