Эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдоод буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Улсын нэгдсэн эмнэлгүүд, хувийн зарим томоохон лаборатори, тухайлбал, “Гялс” төвийн зарим салбарын шинжилгээний бодис, урвалж тасарчээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лабораторийн, “Ковид- 19”-өөр өвдсөн үед эдийн гэмтлийг тодорхойлоход хэрэглэдэг ferritin хэмээх бодисын нөөц дууссан бөгөөд нийлүүлэгч байгууллагууд нь энэ сард хангаж чадахгүйд хүрснээ мэдэгджээ. Мөн элэгний хавдрын маркер, СКИВ, ASO гэх зэрэг урвалж дутагдалтай байгаа аж. Хеликобактерийн шинжилгээний тест ч дуусжээ. Тус эмнэлгийнхэн ханган нийлүүлэгч байгууллагуудаас гэрээний дагуу 268 нэр, төрлийн урвалж болон оношлуур авдаг бөгөөд “Ковид-19”-ийн тархалт эрчимжсэн энэ үед хэрэглээ өссөнөөр төсөв нь 60 хувиар хэтрээд байгаа гэнэ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг ходоодны дурангийн, хеликобактерийн гэх зэрэг шинжилгээ авахгүй байв. Ханган нийлүүлэгч хэд хэдэн байгууллагынхны мэдээлснээр эхний ээлжид улсын эмнэлгүүдийг захиалгат бараагаар таслахгүйг хичээж буй ч хилийн цаана ачаа нь саатсанаас аргагүй “гар мухардаж” байгаагаа хэлсэн юм.
Бэлтгэсэн Р.Жаргал