Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар мэдээлжээ. Энэ хүрээнд тэрбээр “Хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000, давс 500 гаруй тонныг нөөцөлсөн. Өнгөрсөн өвөл хотод 440 тонн давс хэрэглэсэн. Тэгэхээр энэ оны нөөц хангалттай гэж үзэж байна. Халтиргаа үүсэх үед хүндрэл гаргахгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэжээ.
Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар нийслэлийн Засаг дарга асуухад, Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж буй тухай мэдээлэв. Налайхад тулгамдсан асуудал цөөнгүй байгаа бол бусад дүүрэгт анхаарал татсан ноцтой нь үгүй аж.
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа юм байна.
Бэлтгэсэн Ж.Гэрэл