“Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд тэднийг шалгаж, НПГ-аас уг хоёр эмэгтэйд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан”, Г.Нямдоржид мөн хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сард Г.Нямдоржийг гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм. Түүнтэй хамт Ч.Шинэцэцэг гэх эмэгтэй тухайн үед гэрт нь байсан гэдэг. Уг хоёр эмэгтэй өнгөрсөн оны зургадугаар сард их хэмжээний мансууруулах бодис олж авч, хадгалсан хэрэгт шалгуулж байхдаа дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Одбаяр даргалан, НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа, шүүгдэгч Г.Нямдорж, Ч.Шинэцэцэг, Н.Галмандах, тэдний өмгөөлөгч нарыг байлцуулан хэлэлцсэн хурлаас “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг мансуурагчдыг орон байраар хангасан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр боллоо. Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулан зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноов.
Бэлтгэсэн Г.Равжаа