Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачилжээ. Тус аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа.