Нэгэн цагт сүр дуулиантай эхлүүлсэн цар тахалтай тэмцэх ажил өдгөө манай улсад нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг зарчимд шилжлээ. Төрийн нэрийн өмнөөс уг ажлыг хариуцан ажиллаж буй байгууллага, хүмүүс учраа олохоо болиод, эгээ л манан дунд төөрсөн мэт мангартаж гүйцжээ. Бүр байчихаад оношилгооны гол хэрэгсэл PCR шинжилгээ хийдэг арга, аргачлал нь эргэлзээтэй болоод явчихав. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүдийн өмнө “PCR шинжилгээний хариу ялгаатай гардаг нь хэд хэдэн шалтгаантай. Манай улсын аппарат БНХАУ болон БНСУ-ынхаас тохиргооны зөрүүтэй. Тиймээс ХӨСҮТ-ийн шинжилгээний аппаратын тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажлыг эхлүүлсэн” гэж хэллээ. Үүнийг юу гэж ойлгох вэ.
Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвар авсан гэж оношлогдсон хэдэн мянган хүний зарим нь өвдөөд, нэг хэсэг өвдөөгүй ч дэмий л өчнөөн эм, тариа авч, мөнгө төгрөг үрсэн гэсэн үг үү. Нөгөө талаас зарим нь үнэн хэрэгтээ өвдчихсөн атал хариу сөрөг хэмээн гарч, эмчилж, арга хэмжээ авсан зүйлгүй өвчнөө архагшуулж, насны хяслантай болж явна уу. Улсын нийт хүн амын эрүүл мэндийн эрх ашигт ноцтой харшлах үйл, үйлдэл нь чухамдаа шинжилгээний аппаратын тохируулга гээчид хайнга хандсан явдал үнэхээр мөн үү. Үүнд анхаарч, нягталж, буруутай эзнийг олж тогтоохоор ажиллаж байгаа хэн нэгэн, ямар нэг субъект эрхбиш бий хэмээн найдна.
ХӨСҮТ-ийн шинжилгээний аппаратын тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажлыг эхлүүлсэн гэлээ. Шинэ долоо хоног эхэлж байна. Тус эмнэлгийн удирдлага энэ талаар даруй мэдээлэх буй за. УОК-ын дарга нь “Тэдгээр улсад манайд хэрэглэдэг аппаратаас өндөр түвшинд шинжилдэг” гэж хээвнэг хэлж суухыг бас юу гэж ойлгох вэ. Өвчин нэг үүсгэгчтэй, аль ч улсад адилхан л “Ковид-19” тархсаар байгаа. Аль ч улсад шинжилгээний нэг л стандартын аппарат ашигладаггүй юм уу. Зөвхөн Монголынх өөр байдаг нь ямар учиртай юм бэ. Шадар сайд,
УОК-ын дарга С.Амарсайхан УИХ улсын 2022 оны төсөв хэлэлцэх үед гишүүдийн асуултад хариулахдаа, манай улсын иргэд гадаадад зорчихоор онгоцонд суухын өмнө өвчний далд үе таарснаас шинжилгээний хариу сөрөг гараад, харин тухайн улсын хил дээр очихын цагт эерэг болон “хувирдаг” байж болох юм хэмээсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Өвчний явц тийм. Харин түүний “Шинжилгээ хийж байгаа лабораторийн алдаанаас болж буруу хариу гарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шинжилгээний хариуг алдаатай гаргасан лабораториудтай хариуцлага тооцох үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн” гэж хэлсэн нь ноцтой. Яагаад ноцтой вэ гэхээр, өмнө бичсэнчлэн нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэх маягаар асуудлыг шийдэлгүй, замхруулж “алга болгодог” жишиг тогтоод байгаа учраас тэр юм. Ер нь энэ Засгийн газрынхан хэн нь ч хэндээ хариуцлага тооцдоггүй, чаддаггүй гэдэг нь олон тохиолдлоор нотлогдсон. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийн эрх ашгийг байж боломгүйгээр зөрчсөн байх магадлалтай энэ асуудалд чухам хэрхэн хандах нь анхаарал татаж байна.
PCR шинжилгээ тойрсон будилааны тухайд дархлаа судлаач, анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр “Асуудал төхөөрөмжөөс болоогүй, шинжилгээний хариуг унших стандартыг өөрчилсөн, өөрөөр хэлбэл, хүний санаатай үйлдлээс болж байгаа юм. “Ковид-19” тархаад хоёр жил болж байхад одоо болтол PCR шинжилгээ ч зөв хийж чадахгүй, хариуг нь будилуулсан хэвээр. Шууд утгаараа энэ бол гэмт хэрэг” хэмээсэн.
Нөхцөл байдал ийм байхад манай улсын эрдэмтэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг. Ялангуяа “Ковид-19” өвчний талаар үзэл бодол, байр суурь, сонирхол, эрх ашгийн зөрүүтэй. Нэг хэсэг нь нөгөөгөө үгүйсгэнэ. Эрүүл мэндийн сайд нь өөрийн толгойтой юу, үгүй юү гэхээр хандлагатай. Цар тахлын үеийн эгзэгтэй цаг үед УОК-ыг ахалж буй хүн нь анагаахын шинжлэх ухааны мэдлэггүй, шийдэмгий бус. Энэ бүхнийг аваад үзвэл олон хүчин зүйлийн нөлөөгөөр иргэд эрүүл мэнд, орлого, ашгаар, улс орон эдийн засгаар хохирсоор. Халдварын тархалт асар хурдан тул гүйцэгдэхгүй, хумигдахгүйн зовлон бий нь мэдээж. Хохирол тодорхой хэмжээгээр гарах нь ойлгомжтой. Гэхдээ өчнөөн их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө гарзадсан хэрнээ өнөөдөр “Лабораториуд PCR шинжилгээ хийж чадахгүй байна, хариуцлага тооцох үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө”, “ХӨСҮТ-ийн шинжилгээний аппаратын тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажлыг эхлүүлсэн” гэх зэргээр ярьж суух нь улс орон, ард түмний өмнө хүлээсэн үүргээ умартсан, улмаар уландаа гишгэсэн хэрэг биш үү.
Өнгөрсөн есдүгээр сарын 11-нд болсон УОК-ын ажлын хэсгийн шуурхай хуралдааныг аваад үзье. С.Амарсайхан дарга “Энэ ор, дэр чинь өнөөдөр бизнес болчихоод байна. Оношлогдсон иргэдийг аваачиж хэвтүүлэн, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл дээр “ажилладаг”, эмчилгээ гэхээс илүүтэй ашиг орлого талаас нь хардаг, олон хүнтэй л бол боллоо, хэд хонох нь хамаагүй гэж хандан, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог унагаах түвшинд хүрчихлээ. Нэг талдаа УИХ, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт тогтолцоо, системийн маш том өөрчлөлт хийсэн. Гэтэл нөгөө талдаа цар тахлын үед энэ салбарыг бизнесийн талбар болгочихлоо. Одоо орны ачааллын багадаа 50 хувь нь сүлжээний “юм” рүү орчихож байна шүү дээ. Цаана чинь, та бүхний “доор” ажилладаг, дүүрэг, улсын эмнэлгийн, эрүүл мэндийн төвүүдийн нөхдийн чинь бизнес болчихоод бай на. Өмнөх ажлаа хийхгүй, “Ковид”-ын эмнэлэг болгоно оо” л гэдэг болсон. “Тоног төхөөрөмж, эм, тариа бэлэн, гүйцэтгэлээр санхүүжүүлүүлээд байшин, барилга худалдаад авчихна” гэдэг. Бүхэл бүтэн том байгууламжуудыг худалдаж авах гэрээ хийнэ гэж байна. Эхнээсээ зарим нь “Шинээр “Ковид”-ын эмнэлэг байгуулна” гээд явж байна шүү дээ. ЭМЯ-нд ажилладаг мэргэжилтнүүд нь, газар, хэлтсийн дарга нар, эмнэлгийн удирдлагууд энд тэнд байшин хайгаад явах боллоо. Ийм байхад бид яаж орны ачааллыг дийлэх юм. Дахиад хэдэн арван мянгаар нэмээд ч наад бизнес чинь зогсохгүй хэмжээнд очих нь. Иймэрхүү хүмүүст анхааруулга, сануулга өг. Яам, нийслэл, орон нутгийн түвшинд ч анхаар” гэж хэлсэн. Тэгээд л хурлаа тараасан. Түүнээс хойш бараг хоёр сар өнгөрчихөөд байхад энэ асуудал цэгцрээгүй. Тэрбээр хэнд, ямар хугацаатай даалгавар өгөв. Яам, нийслэл, орон нутгийн түвшин гэдгийн цаана тус бүрт нь хариуцсан эзэн бий. Үүрэг, даалгавар өгч байгаа юм бол биелэлтийг нь шалгадаг, биелүүлээгүй бол арга хэмжээ авдаг, хариуцлага тооцох шаардлагатай. Ингэж хэлээд орхичихоор хэн, юу хийх вэ. “Ковид”-ын эмнэлэг байгуулна” гээд явж байгаа мэргэжилтнүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, эмнэлгийн удирдлагуудыг тэрбээр мэддэг л юм байна шүү дээ. Тийм юм бол яагаад тэднийг ил тод зарладаггүй юм. Нийгмийг хамарсан өвчнийг томоохон зах зээл нээгдлээ гэж үзээд бизнес болгохоор хөөцөлдөж яваа тангараг өргөгсөд буй аваас ёстой л хуулийн дээд хэмжээгээр шийтгэх ёстой бус уу. Тийм атал яагаад тэдний зүй бус үйлдлийг даамжруулах гэсэн мэт нэг удаа яриад орхив. Одоо тэр хүмүүс ЭМЯ-нд ажиллаж байна уу, эсвэл хариуцлага тооцоод ажлаас халсан уу. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авсан бол тэр тухай мэдэх эрх иргэдэд бий. Энэ талаар мэдээлэхийг С.Амарсайхан сайдаас шаардаж байна.
Шинжилгээний хариуны зөрүүгээс болоод хөрш орнууд руу, БНСУ руу чөлөөтэй зорчих аргагүй болсон. Жишээ нь, энэ сарын 2-ны Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр очсон хүмүүсийг БНСУ-д буулгаагүй. Түүнээс хойш юу болсон бэ. Бүхэл бүтэн улс ийм яахаа алдсан байдалд орчихоод зүгээр сууж болдог юм уу. Уг нь төр, Засгийн газар, ЭМЯ цар тахлын эсрэг тэмцэж байгаа нэртэй. Үнэн хэрэгтээ бүгд овсгоотой заримынхаа бизнесийн хэрэгсэл болчихсон суух нь цар тахлын үед дэндүү арчаагүй бөгөөд шударга бус хэрэг. Иргэдийн эрүүл мэнд, өөрөөр хэлбэл, ард түмний эсрэг гэмт хэргийн шинж чанартай хариуцлагагүй байдал ч гэж үзэж болно. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн олж мэдсэн, илрүүлж, нотолсноо олон нийтэд мэдээлэх үүрэгтэй шүү дээ.