Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулж байна. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Анхдугаар зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болоод дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцлоо.
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 43 мянган аж ахуйн нэгж, 678 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж, 80 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бий. Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ олон мянган бүтээлч иргэн, аж ахуйн нэгжээ дэмжье хэмээсний үр дүнд өнөөдрийн Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.
Зөвлөгөөнөөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж” сэдвийг хэлэлцэхээр бэлтгэжээ.