Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Зайнаас зөвлөн туслах төв сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийг видео дуудлагаар дохионы орчуулагчтай холбож, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгдөг. Тус төвөөс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх мэдээллийг авах боломжтой. Тэгвэл Ковидын халдварын нэгдсэн лавлах утсыг Зайнаас зөвлөн туслах төвтэй холбохорр болжээ. Тодорхой хэлбэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Зайнаас зөвлөн туслах төвийн үйл ажиллагаатай танилцаж, ковидын халдварын нэгдсэн лавлах 119 төвийн үйлчилгээг 1800-0724 Зайнаас зөвлөн туслах төвтэй холбохоор боллоо. "Ковид-19" халдвараар өвчилсөн, шинж тэмдэг илэрсэн эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд Зайнаас зөвлөн туслах төвтэй холбогдсоноор 119 төвтэй давхар холбогдоно. Ингэснээр үйлчлүүлэгч, дохионы хэлмэрч, 119 төвийн мэргэжилтэн гэсэн гурвалсан шууд харилцаа бүхий үйлчилгээ бий болох юм. Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ирэх онд ашиглалтад орох зургаан аймагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдээр дажуулан иргэдэд нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээг цогцоор хүргэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.