Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс өчигдөр "No double standard" хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүг суллах захирамж гаргасныг бид мэдээлсэн билээ. Ингэхдээ түүнийг тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглож, хязгаарлалт тогтоосон.
Анх Д.Монголхүүг хоёр зүйл ангиар шалгаж байсан. Нэгдүгээрт, өнгөрсөн сарын 7-нд Э.Одбаяр нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас Д.Монголхүүг авч явсныг гэмт хэрэг гэж үзсэн. Гэхдээ эл үйлдлийг шүүхээс гэмт хэрэг биш хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ. Хоёрдугаарт, Д.Монголхүүд Сүхбаатарын талбайн урдах Хонхтой хөшөөний дэргэд цагдаагийн алба хаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар Эрүүгийн хуулийн 23.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж буй. Д.Монголхүүгийн өмгөөлөгч нар үүнийг ч үндэслэлгүй, процесын алдаа ихтэй гэж үзэн шүүхэд ханджээ. Тиймээс Монголхүүг суллаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэхгүйгээр дахин шалгуулахаар прокурорт буцаажээ.
Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн нэр бүхий гурван алба хаагчийг Д.Монголхүүгийн биед хууль бусаар халдсан буюу хууль сахиулагч эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Д.Монголхүү биш цагдаагийн алба хаагчид буруудах бололтой.
Эргэн сануулахад, "No double standard" хөдөлгөөнийн тэргүүн Э.Одбаяр, Д.Монголхүү нар хүн бүрд тэгш эрх олгохыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сард цөөнгүй хоног Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулсан Д.Монголхүүг есдүгээр сарын 30-нд саатуулан мэдүүлэг авсан юм. Мөн аравдугаар сарын 5-нд дахин саатуулж, хорихоор авч явсан. Харин Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийнхан бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар Д.Монголхүүг хүлээж авахаас татгалзсан гэдэг. Улмаар АН-ын гишүүд дэмжигчид хорих ангийн гаднаас Д.Монголхүүг авч явсан.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд тухайн үед "Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд өдөр бүр Сүхбаатарын талбай болон Эрх чөлөөний талбайд жагсаал цуглааныг зохион байгуулсан юм. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эдгээр иргэд эд зүйл оруулахаар завдахад цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Оруулахаар завдсан зүйл нь хайрцагтай эд байсан бөгөөд дотор нь гутал байсан. Гутал дотор нь юу байгааг бид мэдэхгүй учраас оруулахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргын журмын дагуу шаардлагыг албан хаагч тавихад Д.Монголхүү гэгч иргэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагад эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан үйл явдал болж үүнийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт уг этгээдийг авчирч ирсэн. Аравдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Д.Монголхүү гэгчийг удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулсан. Гэтэл шөнийн 02:30 цагт Э.Одбаяр болон нэр бүхий иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги буюу Улсын онцгой обьектруу халдаж гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэхүү хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол улс төртэй хуультай орон" хэмээж байв.