Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээнд 20 гаруй улсын Төрийн тэргүүн оролцож, дэлхийн дулаарлыг 1.5 градуст тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, ахиулан тодорхойлсон амлалт, түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ойн хомсдолыг бууруулах, ойн сэргээлтийг эрчимжүүлэх нь экосистемийг нөхөн сэргээх хүртээмжтэй аргуудын нэг гэдгийг эл арга хэмжээгээр харуулахыг зорьсон байна. Энэ үеэр Британи улс ой мод, газар ашиглалтын тухай “Глазгогийн удирдагчдын тунхаглал” санаачилсныг Ерөнхий сайд Борис Жонсон танилцуулав. Ойн хомсдол, газрын доройтлыг бууруулах хамтын чармайлтад уриалсан эл тунхаглалд нэгдсэн 105 улсын төр, засгийн тэргүүн эв санаа нэгтэй байгаагаа видео мессежээр танилцуулсан бөгөөд Монгол Улс тунхаглалд нэгдэн орсон орны хувьд эл арга хэмжээнд оролцжээ. Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, өвс ургамал нийлээд хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр болно. Харин зуу, мянгаар тоологдох мод тарихад энэ нь тухайн газар нутгийг, сая, тэрбумаар нь таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн мессеждээ онцлон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр ойн хомсдлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлд 100 гаруй улс 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт аваад байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зарим улсын Засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагуудын удирдлага бараалхсан. Тухайлбал, Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн гүйцэтгэх захирал Янник Глемарекийг хүлээн авч уулзах үеэр Төрийн тэргүүн тэрбум мод тарих санаачилгын хүрээнд тус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, санал солилцов. УАНС-гийн гүйцэтгэх захирал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Мөн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны ерөнхийлөгч Масацүгү Асакаватай уулзсан бөгөөд АХБ-ны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон. Түүнчлэн ногоон хөгжилд чиглэсэн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нягт хамтран хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
Түүнчлэн Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кортней Раттрейтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг дээд төлөөлөгч өндрөөр үнэлж, тээвэр, ложистик, худалдааг хөнгөвчлөх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтаар талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах талаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцсон юм.
Үүнээс гадна Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар Төрийн тэргүүнд бараалхлаа. Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, тэр дундаа тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт, болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхсан бөгөөд тэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов.
БРИТАНИЙН ГАДААД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗЖЭЭ
Төрийн тэргүүн мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой уулзаж, “Тэрбум мод” санаачилгыг олон улсын хөрсний доройтлыг тэглэх зорилттой уялдуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, түүний механизмуудын дэмжлэг чухал байгааг онцолсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио конвенцын нарийн бичгийн даргын газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Энэ үеэр тэд цөлжилттэй тэмцэх асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцсон юм.
Ерөнхийлөгчийг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад худалдааны сайд Анн-Мари Тревельянтай уулзсан. Энэ үеэр талууд Монгол, Британийн харилцааг худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, үүний хүрээнд хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, УАНС зэрэг зорилтот санхүүжилтийн хөшүүргийг идэвхтэй ашиглах боломжийн талаар санал солилцлоо.
Бэлтгэсэн У.Наран