“Лантуун дохио” ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны 171 дүгээр тогтоолын 2 дахь заалт буюу “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг өнгөрсөн зургадугаар сард гаргасан билээ.
Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан. Гэхдээ “Лантуу дохио” ТББ-аас дахин шүүхэдсэн.
Учир нь наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон. Тиймээс хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өчигдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ.