Эм, эмнэлгийн хэрэгслийн эргэн тойронд янз бүрийн яриа гарч, зарим нь цуу болон дэгдэж эхэлсэн энэ үед бодит байдлын талаар мэдээлэл бэлтгэсэн юм. Улсын кли никийн томоохон эмнэлгүүд одоогийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд хараахан ороогүй аж. Тухайлбал, Улсын I төв эмнэлэгт ходоодны дурангийн, бамбай булчирхайн, хеликобактерийн гэх зэрэг шинжилгээ хийхгүй байгаа нь өнөө үүсээд буй нөхцөл байдалтай холбоогүй гэлээ.
Хавдар судлалын үндэсний төвийн компьютерт томографын шинжилгээ хийдэг төхөөрөмж лав өнгөрсөн есдүгээр сард ажиллахгүй байсан. Тодруулбал, гадаадаас сэлбэг авчирч, зассан гэв. Мөн Улсын II төв эмнэлэг тухайн үед тодосгогч бодис байхгүй тул энэ төрлийн шинжилгээ хийх боломжгүй гэж байсан юм. Одоо хэвийн ажиллаж байгаа аж.
Эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдох эрсдэл байгаа, эсэхийг тодруулахад Хавдар судлалын үндэсний төвийн Эм зүйн албанаас “Эмчилгээ, үйлчилгээгээ одоогоор хэвийн үргэлжлүүлж байна. Тариур, дуслын систем нөөцөлж авсан. Гэхдээ дуусах дөхөж байгаа. Худалдан авах ажиллагааны тухай хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд сар сард нь нийлүүлэх ёстойгоо тоо, хэмжээгээр нь өгч байгаа. “Ковид-19”-өөр хүмүүс олноор өвдөөд байвал эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүний тоо эрс нэмэгдэх магадлалтай. Тэгвэл нөөц хүрэлцэхгүй. Амин чухал шаардлагатай эм бол одоогоор тасраагүй. Гол хэрэглэдэг химийн эмүүд ч бий. Гэхдээ байнгын харилцаатай байгууллагуудын заримаас тодорхой нэр, төрлийн хэрэгсэл тасалдахад хүрсэн тухай мэдээлсэн. Бид энэ тухай тайлбарыг албан бичгээр авч, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хандах болно” гэсэн юм.
…Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагынхан “Өмнөд хөрш хилээ мөд нээхгүй бол бид бүгдээрээ хамтраад арван нэгдүгээр сарыг бол дөнгөчих байх. Харин арван хоёрдугаар сараас эхлээд байдал хүндрэх магадлалтай” гэж ам нэгтэй мэдээлж байна…
Үүний дагуу “Медиконт” ХХК-тай холбогдлоо. Эднийх эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэгч бусад байгууллагын адил аль аль талаасаа хүндэвтэр байдалд ороод буй аж. Ачуулсан ба раа нь улсын хилээр орж ирдгийн даваан дээр гацсан тул Улсын I, II, III болон орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлдэг амьсгалын аппаратын гуурс тасалдахад хүрчээ. Гэсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дотооддоо “айлууд”-аас дахин илүү үнээр худалдан авч эмнэлгүүдийг хангаж буй аж. “Манайх болохоо байлаа, танайх өгч байгаач” гэж хэлэх эрх, арга байхгүй тул алдагдалд хүрсэн ч хамаагүй энэ маягаар ажиллана гэж байлаа. Мөн томоохон ханган нийлүүлэгч “Монос трейд” ХХК-ийн зүгээс ч зарим нэр, төрлийн эм, эмийн хэрэгсэл түр хугацаанд тасарч магадгүй талаар харилцагч эмнэлгүүддээ дуулгасан байна билээ. Тус компанийнхантай холбоо барихад “Ачаа өмнөд хөршид гацсан. Түүнээс өөр шалтгаан байхгүй. Засгийн газраас зохицуулахаар ажиллаж байгаа” гэсэн юм.
Мөн олны дунд “Урд хөршөөс газраар ачаа оруулж ирэх боломжгүй тул агаарын тээврийгнэмэгдүүлэх болсон. Тэгтэл МИАТ нислэгийн үнийг 30 хувиар нэмсэн гэнэ” гэсэн яриа гарсан юм. Энэ талаар тус компаниас тодруулахад үгүйсгэлээ.
Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломж бүрдэв.
Улсын томоохон эмнэлгүүд тариур, дуслын системээр тасраагүй гэж буй ч эдгээр нь худалдаанд нүдний гэм болжээ. Тариурыг дотооддоо “Монэнзим” ХХК үйлдвэрлэдэг ч түүхий эдийг мөн өмнөд хөршөөс оруулж ирдэг тул хомсдох эрсдэлнүүрлэжээ. Дуслын тарианы системийг манай улс өнөө хэр импортолдог хэвээр л байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлт хомсдон, үнэ нэмэгдэж, тасалдал үүсээд байна. Манай ул сын эм хангамжийн байгууллагууд өмнөх хүчин чадлаараа эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортлоход өнөөгийн нөхцөл байдалд эрэлтийг хангаж чадахгүйд хүрээд байна. Тухайлбал, 2021 оны 7-10 дугаар сард тарилгын шингэний хэрэглээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн байна. Нэг удаагийн тариурыг 2019 онд 53.8 сая ширхгийг импортолж, 3,3 сая ширхгийг үйлдвэрлэсэн бол 2020 онд 42.1 саяыг импортолж, 6.1 саяыг үйлдвэрлэсэн. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 53.2 сая ширхэг тариур импортолж, 7.3 сая ширхгийг үйлдвэрлэв. Түүнчлэн хил дээр ачаа удаан хугацаагаар саатах, хэрэгцээ ихэссэнээс болж захиалга удаашрах, үйлдвэрлэгч үнээ нэмэх, зарим орны хувьд экспортын хориг тавих, эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд тасалдал үүсэж эхэлсэн” гэж Засгийн газарт хүргүүлсэн мэдээлэлдээ дурджээ. Мөн “Манай улс ихэнх эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээний боомт хаагдаж, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсан, шууд нислэгийн тоо цөөн, онгоцоор тээвэрлэх ачааны тоо, хэмжээ хязгаартай, тээврийн зардал өндөр зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байна. Өнгөрсөн сарын 28-ны байдлаар БНХАУ-ын Эрээний боомтод эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх 17 байгууллагын 37, Тяньжин боомтод 14 байгууллагын ачаа саатсан. БНСУ-ын Инчон боомтод дөрөв, БНЭУ-д долоон байгууллагын ачаа байна. Эрүүл мэндийн байгууллагууд болон зах зээлд 18 нэрийн эм, 10 нэрийн эмнэлгийн хэрэгсэл тасалдсан, мөн тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор арваннэгдүгээр сард тасалдах эрсдэлтэй 200 тоннын жин бүхий нэг удаагийн тариур, дуслын систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик гэсэн эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос онгоцоор тээвэрлэн авчрах шаардлагатай. Эдгээр ачаа ирснээр дуслын шингэн 66, нэг удаагийн тариур 37, дуслын системийн 11 хоногийн, бусад нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй явуулах болно” хэмээн дурджээ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжин нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд асуудлыг хэлэлцүүлснээр БНСУ болон БНХАУ руу нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авахаар болжээ. Маргааш болон энэ сарын 10-нд БНХАУ руу, харин арваннэгдүгээр сарын 8-нд БНСУ руу тусгай үүргийн онгоц нисгэх аж. Ажлын хэсгийн дараагийн хурлыг өнөөдөр ГХЯ-нд хийнэ. Үүнд БНХАУ дахь Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс оролцох юм байна.
БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн сарын 31-ний байдлаар “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 19 байсан бөгөөд түүнээс хойш өвчилсөн хүний тоо нэмэгдээгүй байлаа. Тус хотын захиргаа шинээр тохиолдол бүртгэгдэхгүй 21 хоновол хилээ нээнэ, хэрвээ нэмэгдвэл тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш хөл хориог 21 хоногоор сунгасаар байх болно гэсэн байр суурьтай аж. Тиймээс цаашид эм, эмнэлгийн хэрэгсэл болон импортын бусад бараагаа шуурхай татан авах тухайд бодож, боловсруулах ажил ихсэх бололтой.
Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагынхан “Өмнөд хөрш хилээ мөд нээхгүй бол бид бүгдээрээ хамтраад арваннэгдүгээр сарыг бол дөнгөчих байх. Харин арванхоёрдугаар сараас эхлээд байдал хүндрэх магадлалтай” гэж ам нэгтэй мэдээлж байна.