Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Д.Монголхүүг суллах захирамж гаргажээ. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байсан юм. АН-ын гишүүн Д.Монголхүү эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "No double standart" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан. Улмаар эл үйлдлийг нь хууль бус хэмээн үзэж түүнийг саатуулаад байсан юм. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг суллах захирамж гаргаж, холбогдох хэргийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав.
Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1. 3-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд буй.