Монголын хууль хяналтын байгууллагынхан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдэж чадалгүй гурван жил гаруй боллоо. Мөрдөгчид тэднийг шалгаж дуусаад прокурорт хянуулж, улмаар шүүх рүү шилжүүлсэн ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан. Хэргийг шүүх рүү дахин шилжүүлсэн ч шүүх хурал хэдэнтээ хойшилж буй билээ.
Хамгийн сүүлд гэхэд өнөөдөр болох байсан шүүх хурал хойшиллоо. Үүнээс өмнө өнгөрсөн сарын 27-нд уг хэргийг хэлэлцэх товтой байсан ч мөн л шийдэж чадаагүй юм. Шалтгаан нь шүүгдэгч Д.Жаргалсайхан нь "Ковид-19" халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг мөн "Ковид-19" халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг нотлох баримтын хамт ирүүлсэн аж. Энэ удаад ч дээрх шалтгаантай ойролцоо зүйл бичсэн хүсэлтүүд ирсэн учраас хурлыг хойшлуулсан байна.
Улмаар шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гарчээ.
Тэдэнд холбогдох шүүх хурлыг 2020 оны дөрөвдүгээр сараас хойш 15 дахь удаагаа хойшлуулж буй аж.
Эл хэргийг шалгах явцад бүрдүүлсэн нотлох баримт, материал 100 гаруй хавтас болсон гэдэг. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.12-1 хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2 мөнгө угаасан гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм.