Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Ингэснээр эм, эмнэлэгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авч байгаа Алтанбулаг, Замын-Үүдийн боомт дээр Гашуунсухайт, Ханги боомтыг нэмж, нийт 4 боомтоор татан авах ажиллагааг түргэсгэхээр боллоо.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог аж. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.