Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х өчигдөр (2021 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө) Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шөнийн ээлжинд гарч ажиллаж байгаад нас баржээ. Талийгаач 40 гаруй насны туршлагатай эмч бөгөөд өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа өрөөндөө амрахаар ороод босож ирээгүй аж.
Тухайн өдөр элжийн сувилагч нь анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, тусламж үзүүлэхэд оройтсон байжээ. Болсон явдлын мөрөөр Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгалт явуулж байна.
Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч аж.
ЭХЭМҮТ-өөс гаргасан албан мэдээгээр Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан гэнэ. Хохирогчийн нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж эхэлжээ.
Ташрамд дурдахад цар тахлын хүндхэн өдрүүдэд эмч нар оргил ачааллыг үүрч, нойр хоолоо умартан, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зүтгэж буй. Нэг эмч 2-3 хүний ажлыг хийж, хэт ачаалалтай байгаа талаар Монголын эмнести интернэшнл байгууллага хөндөж, улмаар энэ асуудлаар ЭМЯ-нд шаардлага хүргүүлж байсан билээ.
Мөн Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Их эмчийн дундаж цалин 750-850 мянга, сувилагч 670-720 мянга, үйлчилгээний ажилчид 460-550 мянган төгрөгийн цалинтай цар тахалтай тэмцэн ажиллаж байна" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай.
Товчхондоо, эмч нар ачаалал ихтэйн дээр бага цалинтай ажиллаж байгааг үйлдвэрчний эвлэлийн байгууллага хийгээд олон улсын байгууллага хөндсөөр буй. Дээрх эмчийн хувьд ч олон цагаар хэт ачаалалтай ажилласнаас эрүүл мэндээрээ хохирч амиа алдсан бололтой.