Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас барав. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх аймгийн төв дэх орон сууцын дээрээс үсэрч амиа хорлосон байжээ. Талийгаач нь Баянхонгор аймгийн харьяат нэгэн бөгөөд тус аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан гэнэ. Тэрбээр тухайн үед анги байрлалаа орхин явсан, цэргийн ангиас оргосон байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд ангийн удирдлага нь өгсөн аж.
Уг нь аль нэг аймаг дахь цэргийн ангид тухайн орон нутгийн харьяат залуусыг алба хаалгадаггүй, өөр аймаг руу шилжүүлэн хугацаат цэргийн албанд татдаг журам бий. Талийгаачийн гэр бүлийнхэн зэвсэгт хүчний анги салбарт ажилладаг учраас нутагт нь цэргийн албанд татсан байх магадлалтай аж. Харин юуны учир ийм алхам хийснийг нь тогтоохоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Эх сурвалжууд “Өнгөрсөн жил цэрэг татаагүй, хал цэрэг гэж байхгүй. Тиймээс дэглэлт дарамтаас болсон гэж үзэх үндэслэл муутай. Мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болох биз” гэж буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа