Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оны есдүгээр сард саатуулан шалгасан нь тухайн үедээ олны анхаарал татаж байв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Алтанхуяг, С.Сандагдорж нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэж, “Чингис хаан” банканд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноож, гүйцэтгэх захирал асан С.Сандагдоржийг хоёр жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасан, долоон сая, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдон шалгуулж байсан ЭМДЕГ-ын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү авлигын өөр хэрэгт дахиад холбогдсон байна. Тодруулбал, “Маргадвояж” ХХК-ийн захирал Ш.Сандагдорж гэх хүнээс хахууль авсан үндэслэлээр удахгүй гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна. ЭМДЕГ-аас зарласан “Ухаалаг гар утасны аппликэйшн”-ийг хөгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. Уг тендерт нь “Маргадвояж” ХХК оролцож, гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46.5 сая төгрөгийг захиалагчаас шилжүүлэн авах гэж тохиролцсон байна. Үүний тулд Санхүү, төлбөрийн хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан найз Б.Баярхүүдээ хандсан аж. Ингээд тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар Б.Баярхүү найздаа мэдээлэл өгөөд зогсохгүй, гэрээний төлбөрийн 50 хувийг гэрээ байгуулсны дараа шилжүүлэх асуудлыг ЭМДЕГ-ын Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяртаа хэлж дэмжлэг хүсэж шийдвэрлүүлжээ. Үүнийхээ төлбөрт есөн сая төгрөгийн хахууль Баянзүрх дүүргийн нутагт авсан хэрэгт холбогдсон аж. Б.Баярхүү өмнө нь ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийн “Чингис хаан” банкныхаас авсан 86.2 сая төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн хэрэгт холбогдон АТГ-ынханд саатуулагдаж байсан билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа