Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Жилд 500-600 метр хайсыг машинаар дайрч, гэмтээдэг гэх судалгаа бий. Энэ оны байдлаар 82 авто ослын улмаас 436 метр хайсыг огт ашиглах боломжгүй болтол нь дайрсан зөрчил гарчээ.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэг энэ талаар
"Жолоочид шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, замын хашлага эвддэг. Харин өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж дайрах тохиолдол их гардаг. Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа" гэж мэдээллээ.