Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмээ баримталж ажиллах учиртай. Мэргэжлийн хяналтын байцаагч хүнд сурталтай, торгож шийтгэхээс өөрийг мэддэггүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд багагүй бий. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас маргаашаас эхлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ажлын 10 хоногийн хугацаатай төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр болжээ. Тиймээс тус хяналтын газрын албан хаагчдын ёс зүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой санал, гомдол мэдээллийг 1800-1286 дугаарын утсаар авч эхэлсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэргэдээ Ёс зүйн хороотой. Тус хороо нь төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэй.