Америкийн хоол тэжээлийн мэргэжилтэн Эрика Карнеллагаар удирдуулсан олон улсын мэргэжилтнүүд хүний биед хамгийн ашигтай, төмрөөр баялаг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ. Энэхүү эрдэс бодис нь цусны улаан эсийн уураг болох гемоглобиныг бий болгоход оролцдог бөгөөд уушгинаас хүчилтөрөгчийг биеийн бусад хэсэгт хүргэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн төмөр нь дааврын зохицуулалт, бие махбодын өсөлт, эсийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг. Хэрэв биед төмөр дутвал эрч хүчгүй болж, толгой эргэх, амьсгал давчдах, арьс цайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орж, толгой өвдөх, зүрх дэлсэх, арьс, үс хуурайшин, хэврэг болдог аж. Хүний бие махбодод агуулагдах төмрийн нөөцийг бүрдүүлэх, нөхөхийн тулд зайлшгүй хэрэглэх ёстой ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын эхний тавд кешью, нарсны самар, үр (хулуу, маалинга, гүнждийн зэрэг), вандуй, цагаан шош, сэвэг зарам гэхчлэн буурцагт, ногоон навчит ургамлууд, бүхэл үр тариа болон овьёос багтжээ. Мөн улаан лоолийг төмрөөр баялаг гэж нэрлэжээ. Гэхдээ хатаасанд нь илүү их төмөр агуулагддаг болохыг зөвлөсөн байна.
Бэлтгэсэн Э.Хана