Улсын хэмжээнд өчигдөр 921 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдлаа. Энэ нь сүүлийн таван сарын доод үзүүлэлт болов. Түүнчлэн хоногийн үзүүлэлт наймдугаар сарын 10-наас хойш анх удаа 1000-аас буурлаа. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 1-нд манай улсад 790 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Түүнээс хойш цар тахлын хоёр, гурав дахь давлагаа үүсэж, уг үзүүлэлт тогтмол өссөн юм. Коронавирусийн альфа хэлбэрийн улмаас өнгөрсөн зургадугаар сараас халдварын хоёр дахь давлагаа үүсэж, сар гаруйн дараа намжсан. Тэгвэл дельта хэлбэр өргөн хүрээнд тархсаны улмаас наймдугаар сарын сүүлчээр гурав дахь давлагаа эхэлсэн бөгөөд хоногт халдвар авсан хүний тоо 3963-т хүрч байв. Харин өдгөө халдварын тархалт ялимгүй буурсан нь энэ. Гэсэн ч эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд хүн амын 30-аас дээш хувь нь коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсний дараа цар тахлын аюул багассан хэмээн үзэх боломжтойг холбогдох байгууллагууд мэдээлсээр байна. Одоогоор 416 012 иргэн буюу нийт хүн амын 12.4 хувь нь вакцины гурав дахь тунг тариулжээ.
Бэлтгэсэн М.Оч