Нийслэлийн Засаг дарга саяхан хотын түгжрэлийг сааруулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэрбээр эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх гэнэ. Учир нь түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол хамран сургах тойрог гэж үзжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Тиймээс бусад дүүрэг рүү зөрчих болдог. Энэ байдлыг анхаарч цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай хороолол, хотхоныг бодлогоор дэмжих аж.
Мөн 2022 оноос Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдлыг 2022 оноос халж, цэгцэнд нь оруулах аж. “Тоглоом"-ын шинэ дүрмээр Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандарттай болно. Улмаар Улаанбаатар түгжрэлгүй, бас иргэн төвтэй хот болох нь ээ.
Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот гэж тодорхойлсон байна. Угаас дээрх хуульд дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилжээ. Үүний дагуу дагуул хот хариуцсан орлогчтой болохоор төлөвлөж буй аж. Улмаар дагуул хотод ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, татварын зохицуулалтыг яах вэ гэдгийг шийдэхээр хэлэлцээрийн ширээний ард сууж эхэлжээ.
Дагуул хотоо Улаанбаатарын нүүр царай болгох гэнэ. БНСУ-ын Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдүүлнэ гэж төлөвлөжээ. "Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм" хэмээн хотын дарга үзэж байна.