Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 1-2- нд Шотландын Глазго хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр уг уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлага болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцох юм байна.
Л.БОЛД, У.НЯМХҮҮ ХОЁР ҮЛДЭВ
Төрийн тэргүүн мордохынхоо өмнө буюу өнгөрсөн баасан гарагт ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Элчин сайд Э.Булган, ИБУИНХУ-д суух Элчин сайд Б.Энхсүх нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ажиллахыг Төрийн тэргүүн Элчин сайд нарт захилаа. Мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Ташрамд дурдахад, тэдний хамт нийт 23 хүнийг Элчин сайдаар томилохыг УИХ өнгөрсөн долдугаар сард дэмжсэн бөгөөд одоо Бельгийн Хаант Улсад суух Элчин сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайд У.Нямхүү нар итгэмжлэх жуух бичгээ хүлээж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон С.Ганхуяг тус улсын Гадаад хэрэг, худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Р.А.Казакбаевт итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулжээ.
ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА
Мөн энэ өдөр ИБУИНХУ-ын Элчин сайд Ф.Малон, Канад Улсын Элчин сайд Катрин Ивкоф нарыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Элчин сайд К.Ивкоф уулзалтын үеэр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Канадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү найрсаг харилцаагаа бататган бэхжүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө Төрийн тэргүүний хувиар бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэллээ.
ИБУИНХУ-ын Элчин сайдтай уулзахдаа Ерөнхийлөгч Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид гуравдагч хөрш Британи улстай харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Ф.Малон Монгол, Британийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон чухал алхам хэмээн онцлов. Дэлхий нийтийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Британийн Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд тэмдэглэж, Глазго хотноо зохиогдох дээд түвшний уулзалт нь байгаль орныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Бэлтгэсэн У.Наран