Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд нэг гэр бүлийн эгч дүүст эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тус дүүргийн харьяат Т нар гэртээ юуных нь тодорхойгүй махаар таташ хийж, савлан дэлгүүр үүдэд энэ оны гурав, дөрөвдүгээр сараас эхлэн нийлүүлж байсан гэнэ. Дэлгүүрийн худалдагч нар тэднээс мэргэжлийн хяналтын болон эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлтийг нь шаардахад “Таван эрдэнэ” ХХК-д үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үзүүлдэг байсан аж. Тэд “Хүчит шонхор” захаас татсан мах бөөнөөр нь авч, савлан худалддаг байсан. Дүгнэлтийг гэртээ компьютер ашиглан үйлдсэн” гэж тайлбарлаж байгаа аж.
Цагдаагийнхан тэдний савласан бүтээгдэх үүнээс дээж авч МХЕГ-ын Төв лаборатори болон Шүүх эмнэлэгт шинжлүүлж, дүгнэлт гаргуулахад эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан гэнэ.
Хамгийн ноцтой нь дээрх хүмүүсийн савлаж байсан маханд хар тугалга, кадми зэрэг бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их байснаас гадна гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ.
Г.Равжаа