Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хятадууд хялбар аргаар мөнгө олох гэсэн монголчуудыг ашиглан хулгайлуулдаг тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Тэгвэл саяхан үүнийг баталсан гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр гэмт этгээдүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу хийдээс Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ганданзуу хэмээх бүтээлийг хулгайлах гэж байгаад хэргээ бүтээж чадалгүй буцах замдаа цагдаагийнханд баригджээ. Ганданзуу хэмээх бүтээлийг түүх, соёлын өв судлаачид “Өндөр гэгээн 1700-гаад оны үед өөрийн гараар зандан модоор углуургадаж хийсэн, хүрээ хийдийг дүрсэлсэн түүх соёлын хосгүй үнэт бүтээл. Монголд төдийгүй дэлхийд хосгүй эд. Үүнийг хулгайлахыг завдсан нь гаднынхан тэр дундаа хятадууд Монголыг түүх, соёлыг өөрсдийн болгоод дараа нь Хятадын бүтээл гэж зарлах санаархал байх” гэж өгүүлсэн юм.
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Гэмт этгээдүүдийг саатуулан, нийслэлд шалгаж байгаа. Зохион байгуулалттай, гадаадынхны захиалгаар Эрдэнэзуугаас шашны эд зүйл хулгайлахыг завдсан. Азаар Эрдэнэзуу хийдэд дохиолол тавьсан учраас гэмт этгээдүүд Өндөр гэгээний урласан бүтээлийг хулгайлж чадалгүй, нураачихаад зугтсан байсан. Тэд Эрдэнэзуу хийдийн хашааг давж, Далай ламын сүмийн хаалгыг хөшиж орсон юм билээ. Тэгээд шилэн хоргоноос Ганданзууг хулгайлах үед нь дохиолол дуугарсан” гэж ярилаа. Гэмт этгээдүүд тэндээс гараад шөнөдөө Улаанбаатар руу явж байхад нь Булган аймгийн нутагт саатуулж, эд мөрийн баримт болгож машинаас нь хаалга хөшихдөө хэрэглэсэн царил, халив, мөн Эрдэнэзуу хийдийн байгууламжийн зураг зэргийг нь хураан авчээ.
Улаанбаатар болон Дорноговь аймгийн харьяат гурван залуу энэ хэргийг хийсэн бөгөөд тэд цагдаагийнханд “Ахынхаа захиалгаар уг бүтээлийг хулгайлах гэж байсан юм. Ах “Чи энэ бүтээлийг аваад ирвэл хоёулаа 10 сая төгрөгтэй болно гэсэн” гэж мэдүүлжээ. Ах нь тэдэнд Эрдэнэзуу хийдийн зургийг өгөөд Далай ламын сүмийн байршлыг зааж, тэр дотор Ганданзуу байгааг хэлсэн аж. Түүний мэдүүлгийн дагуу ахыг нь саатуулж, шалгахад “Замын-Үүдэд амьдардаг БНХАУ-ын иргэн Бао надад “Эрдэнэзуу хийдийн Далай ламын сүм дотор байдаг Ганданзууг аваад ирвэл 10 сая төгрөг өгье” гээд Эрдэнэзуу хийд болон Далай ламын сүмийн байршлын зургийг өгсөн. Ингээд дүүдээ хэлэхэд хоёр найзтайгаа хамт Өвөрхангай явсан” гэж мэдүүлж буй гэнэ.
Бао гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө хятадууд Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн гэрт хадгалагдаж байгаа шашин, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хаана байгааг нь зааж, хулгайлж ирэхийг санал болгодог гэсэн мэдээлэл байсан. Гэвч үүнийг цагдаагийнхан хараахан батлааг үй. Харин сүүлийн жилүүдэд гаднаас манай түүх, соёл, шашны холбогдолтой эд өлгийн дурсгалт зүйлсийг захиалгаар хулгайлуулах явдал цөөнгүй гарч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний шөнө Говь-Алтай аймгийн төв, Есөнбулаг суманд байдаг Орон нутгийг судлах музейд дээрэмчид халдаж, аавынхаа оронд манаач хийж байсан хүүхдийг хүлж орхиод 160 см өндөртэй, 200 орчим кг жинтэй, гуулин цутгамал Бурхан багшийг дээрэмдсэн. Уг бурхан өнөө хүртэл олдоогүй байгаа бөгөөд гаднынхны тэр дундаа хятадуудын захиалгаар хулгайлж, өмнөд хөрш рүү гаргасан байх гэж эх сурвалж хэлсэн юм.
Түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун Жанжин Чойр хийдэд "Хожиндой" хочит Б.Батжаргал, "Дармын улаан" гэх Я.Мөнхбат, С.Пүрэвбат, Г.Идэрцог нар халдаж Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан болон мөнгөн цөгцнүүд хулгайлсан. Энэ хэргийг мөн л харийнхны захиалгаар үйлдсэн гэдгийг цагдаагийнхан хэлж буй юм. Эндээс харахад, хятадууд түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг нь өөрийн болгож, Монгол Улсын Үндэсний аюулг үй байдалд заналхийлж байна гэж холбогдох хууль хяналтын байгууллагынхан үзэж байна.