Эрүүл мэндийн хөгжлийн төв төрийн уламжлалт эрүүл мэндийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зургаан программыг хөгжүүлжээ.
Үүнд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем, ЕRP систем, төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ, Н-info програмын веб хувилбар, Tableau програм хангамж, Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлээд байна.
Ингэснээр эрүүл мэндийн 4000 гаруй байгууллагын 57 мянга гаруй эмч нар энэхүү платфорумд нэгдэж, мэдээлэл солилцох, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь эдгээр байгууллага, хувь хүн өөр өөр платформ ашигладаг байжээ.
Түүнчлэн Өмнө нь хөдөө орон нутгаас нийслэлрүү бичгээр албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа олон бэрхшээлтэй тулгарч байсан бол одоо нэгдсэн нэг системтэй болж эрүүл мэндийн ажилчид интернеттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдлээ.
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааны үр дүнд, эрүүл мэндийн өгөгдөл, мэдээлэл, технологийн 24 стандартыг бий болгожээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай хийж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл явцыг бодит цаг хугацаанд шилжүүлсэн. Эмийн үнийн хөнгөлөлт, Ковид-19 олон улсын эрүүл мэндийн гэрчилгээ, вакцины гэрчилгээ, дотоодын QR батламж, эмчийн магадалгааг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем “E-Mongolia”, Түц машинаар дамжуулан иргэдэд олгож байна. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эмчийн үзлэгийн цаг захиалга, эмнэлзүйн лабораторийн шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, цусны бүлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбосон ба тун удахгүй E-Mongolia аппликэшнаар дамжуулан үйлчилгээнд гарах бэлтгэл ажлыг хангаад байна.