Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б нь нагац дүүгээ алга болсон гэх дуудлага өгчээ. Тэрбээр “Манай нагац дүү 3 настай. Эмээгийнхээ хамт гадуур явж байгаад алга болсон” хэмээжээ. Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар зээгээ дагуулж гарсан эмээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн аж. Улмаар зээгээсээ хаана салсан, хэзээ алга болсныг санахгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.
Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд маргааш өглөө нь охиныг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр .. тоот хаягаас эсэн мэнд олжээ.
Улмаар охиныг хүүхэд хамгааллын байгууллага, хорооны хамтарсан багт мэдэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.