Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагт хэлэлцэхээр тов гаргаад байсан. Гэвч Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулга, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр болон Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Ё.Гэрэлчулуун, Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Ю.Алтангэрэл, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав.
Учир нь шүүгдэгч Д.Жаргалсайхан нь "Ковид-19" халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг мөн "Ковид-19" халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг нотлох баримтын хамт ирүүлсэн аж. Улмаар шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны аравдүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эл хэргийг шалгах явцад бүрдүүлсэн нотлох баримт, материал 100 гаруй хавтас болсон гэдэг. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.12-1 хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2 мөнгө угаасан гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар