Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллага хамтран Уран зургийн галерейд “Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Тэрбээр хоёр улс Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулсан нь улс төрийн өндөр итгэлцэл, өргөн хүрээний нийтлэг эрх ашгийг харуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцааны бахдам түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд, залууст уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулах зорилготойг хэллээ. Үзэсгэлэнг их, дээд сургууль, номын сангууд өөрийн байранд гаргаж, илүү олон хүнд хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа нь үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэллээ. Хоёр улс өнгөрсөн 100 жилд итгэлцэлд суурилсан, найрсаг харилцаатай явж ирснийг тэрбээр тэмдэглэв.
Үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулж байна. Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгалаас эхлээд төмрийн завод, Төв цахилгаан станц ашиглалтад орсон, 1939 оны Халх голын дайн, “Бүхнийг фронтод-Бүхнийг ялалтад” хөдөлгөөн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1949 онд Улаанбаатар-Наушкийн төмөр зам баригдсан, 1960-аад онд атар газар эзэмшсэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг, XX зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”, Дархан хот байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлыг товчоолон харуулжээ. “Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнг маргаашийг дуустал нийтэд толилуулах юм байна.
Ташрамд дурдахад, уг ойтой холбогдуулан Гадаад харилцааны яамнаас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, цаашид хийхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээний талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд И.К.Азизов нар мэдээлэл өгсөн юм. Ирэх сарын 2-нд Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Гадаад харилцааны төв архив, Архивын ерөнхий газар хамтран хоёр улсын харилцааны тухай түүхийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээх аж. Мөн сарын 4-нд ОХУ-ын Хойд Осетийн “Алан” Улсын бүжгийн ансамблийн тоглолтыг Соёлын өргөөнд зохион байгуулах бол 5-нд нь маркийн нээлт болох нь. Оны үлдсэн хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулахаар хоёр талаас төлөвлөж буй юм байна. Тодруулбал, манай талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж буй аж.
Бэлтгэсэн Б.Уран