Иргэдийн автомашинуудыг засаж өгнө, тээврийн хэрэгсэл худалдана гэх мэтээр залилж байсан С.Сүхболдод холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард “Рокмон” төвийн гадаа иргэн Л-д “Тоёота аллион” загварын автомашин худалдана хэмээн 10 сая төгрөгийг нь залилан авсан бол Дархан-Уул аймагт амьдардаг танил Ч гэх хүнийхээ “Ланд круйзер-100” загварын тээврийн хэрэгслийг 25 саяар борлуулж өгнө гэж мэхлэн нэр дээрээ шилжүүлжээ. Мөн “Да хүрээ” захад япон автомашины сэлбэг зардаг гэж иргэн Н-г хуурч обуд, дугуй хямд үнээр авч өгнө гэж цахим банкны үйлчилгээ ашиглан 2.9 сая төгрөг, Дархан-Уулын иргэн А-д “Тоёота кроун” машин зарна гэж 2.8 сая, мөн аймгийн иргэн З-ын “Ниссан экстрал”-ыг засаж өгнө гэж мэхлэн таван сая төгрөгийг нь авсан байна.
С.Сүхболд иргэдээс автомашинуудыг нь залилаад зогсохгүй гар утаснуудыг нь ч өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихдаг байж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ихмөнх наран” ХХК-ийн ажилтныг хуурч, хуурамч эд зүйл ашиглан “iPhone-8 plus”, “iPhone X” утсыг нь мэхлэн авч 2.6 сая, өөр нэг ажилтнаас гурван ширхаг “iPhone X” авч 3.9 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэнэ.
Залилагчдад эд хөрөнгөө алдахаас сэргийлж цагдаагийн байгууллагаас “Ятгах тусам нягтал” хэмээх нөлөөллийн аян зохион байгуулдаг ч иргэд түүнийг үл ойшоосноос энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Дээрх С.Сүхболд гэх хүн бусдыг уярааж залилдаг олон үйлдлийн аргатай нэгэн бололтой. Цагдаагийнхны шалгаж тогтоосноор тэрбээр Дархан-Уул аймгийн иргэн М-д “Ээж минь “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид ажилладаг, байгууллагаас нь ээжид хоёр өрөө орон сууц өгсөн, манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгож байгаа юм” гэж хэлэн мэхэлж 18.7 сая төгрөгийг нь авсан гэнэ. Залилагчдын гэмт хэрэг үйлддэг нэлээд түгээмэл арга нь виз гаргаж өгөх байдаг. С.Сүхболд ч бас ийм аргаар цөөнгүй хүнийг хохироожээ. Тэрбээр Итали, Унгарт хөдөлмөр эрхлэх, урт хугацааны виз, явах тийз авч өгнө гэж Дархан-Уул, Говь-Алтайн иргэдийг мэхлэн гурван сая гаруй төгрөгийг нь өөрийн данс руугаа шилжүүлүүлээд сураггүй болсон аж. Мөн 2017 оны долдугаар сард иргэн А гэх эмэгтэйгээс “Хүүд чинь оноосон хорих ялыг Улсын дээд шүүхээр хөнгөрүүлэхэд тусална” гэж таван сая төгрөгийг нь залилсан нь ч ил болсон гэнэ. Түүнчлэн фэйсбүүкт “Dominoc To¬rett” гэх нэртэй хуурамч хаяг нээж, “дөрвөн ижил тоотой, автомашины “азын” дугаарыг 21 сая төгрөгөөр зарна” хэмээн зар байрлуулж, цагдаагийн байгууллагын ажилтны нэрийг барьж, иргэдээс 15.8 сая төгрөгийг нь залилсан гэнэ. Тэрбээр эдгээр үйлдлээрээ нийт 100 орчим сая төгрөгийн хохирол иргэдэд учруулжээ. Залилан мэхлэх гэмт хэргээс гадна Дархан-Уул аймагт иргэн Ц-ын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, 2019 оны аравдугаар сард ОХУ-ын хилээр нэвтэрчихээд буцаж ирэхдээ гадаад паспортгүйгээр, иргэн А.Алтан баярын 51-33 УНВ улсын дугаартай “Тоёота альпард” автомашины тээшинд нуугдаж Алтанбулагийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт ч холбогдсон байна. Тиймээс С.Сүхболдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, бүлэглэж улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг машиндаа нууж хилээр нэвтрүүлсэн А.Алтанбаярын гэм буруутай, эсэхийг ч хамт шийдвэрлүүлэхээр болсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Бэлтгэсэн Г.Равжаа