Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүнийг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө саатуулсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан билээ. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн 2019 оны ес болон аравдугаар сараас хойш БНХАУ-ын 818 иргэн сууж байсан бөгөөд тэднийг 15 хүн зохион байгуулан манай улсад оруулж, гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. ЭЦА-ныхан тэдний толгойлогчдыг шалгаж дуусаад, шүүх ч гэм буруутай гэж дүгнэсэн. Тодруулбал, манай улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын иргэн Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг, Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 12-ноос эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст шийтгэх тогтоолоо танилцуулсан. НПГ-аас дээрх 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлж, тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утаснууд, есөн автомашин, бэлэн мөнгө зэрэг 110 нэр, төрлийн эд зүйлийг улсын орлогод оруулахаар болсон юм. БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг ийнхүү тусгаарласнаас хойш хэрхсэн нь тодорхойгүй байв.
Тэгвэл хууль сахиулагчид түүнд холбогдох үйлдлийг дахин шалгаснаар юу тогтоосныг эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
АНУ, ТАЙЛАНДЫН КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛД ХАЛДСАНЫГ ТОГТООВ
Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох үйлдлийг цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гаргаж НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр ял шийтгүүлээд хорих ялаа эдэлж буй нутаг нэгт Еэ Тин, Жун Хуа нартай хамтран 2019 оны есдүгээр сарын 27-н Тайландын Хаант Улсын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” (Star petroleum refing public company limited) болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” (Chevron U.S.A Inc) гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халджээ. Улмаар төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан Тайландын компани руу илгээсэн байна. Ингэхдээ компанийн нэрний нэг үсгийг сольж “Chveron.com” гэсэн хаягаас 22.4 сая орчим ам.доллар нэхэмжилсэн хуурамч баримт хүргүүлсэн гэнэ. Энэ хэмжээний ам.доллар нь манай 59.7 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд үүнийг Тайландын компанид учирсан хохирол гэж дүгнэжээ.
Энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь батлагдсан. Тэднийг Монголд ирэхэд нь манай нэг иргэн тусалсан талаар бид цаг тухайд нь уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэгвэл дээрх Лью Тинхуа гэх эр монгол иргэн М.Эрхбаяртай, Монголоос алба дан гаргасан 800 гаруй хятад иргэний дунд багтан нутаг буцсан Хуан Донхай болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн, дээр нэр дурдсан 14 этгээдийн хамтаар Тайландын “Стар петролиум рифинг паблик компани лимитед”-ийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж авсан мөнгө болон Камбожид цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдэж олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор манай улсад байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн “Голомт” банкан дахь ам.долларын данс руу удаа дараа шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард “Голомт”-ын данс руу удаа дараагийн гүйлгээгээр 61.35 ам.доллароос 349.9 мянга, зарим тохиолдолд 1.3 сая хүртэл гээд нийтдээ 3.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн байна. Үүнийгээ хөрөнгө оруулалт нэрээр халхавчилж байсан нь ч батлагджээ.
МОНГОЛД ОРУУЛСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР АВТОМАШИНУУД ХУДАЛДАН АВЧЭЭ
Харин тэдний удаа дараа шилжүүлсэн 3.4 тэрбум төгрөгийг манай улсад байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” компанийнхан эдийн засгийн эргэлтэд оруулж, “Лексус-570”, “Ланд круизер-200” тус бүр хоёр, “Тоёота альпард” гурав, “Форд эверест”, “Тоёота акуа” загварын автомашин тус бүр нэгийг худалдан авсан байна. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрласан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө угаасан гэдгийг шалгалтаар тогтоожээ. Түүнчлэн Лью Тинхуа, Хуан Донхай, Еэ Тин, Жун Хуа нар бүлэглэн Монголд 2019 оны долдугаар сараас хойш “Вичат”, “Дунфанцайфү”, “Тунхуа шүн”, “Вэйтуожяои”, “Тунда”, “Телеграм”, “Күкү”,“Скайп” зэрэг цахим харилцааны хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэн, хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр зохиомол байдал зориуд бий болгож, хүмүүсийг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь зохион байгуулалттайгаар залилж байсныг мөрдөгчид тогтоогоод буй.
Лью Тинхуа гэх хятад эр Монгол Улсын иргэн М.Эрхбаярын хамтаар урд хөршөөс 800 гаруй хүн хил нэвтрүүлж, 2019 оны есдүгээр сараас мөн оны аравдугаар сарын 29-ний хооронд 230 хүнийг Баянзүрх дүүргийн нутаг дахь “Амар”, 20 хүнийг Баянгол дүүрэг дэх “Секрет гарден”, 84-ийг нь Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр”, 264 хүнийг Баянзүрх дэх “Ориентал” зочид буудалд байрлуулж, өндөр үзүүлэлт бүхий олон тооны суурин болон зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан гэмт хэргээ өдүүлж байснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээсэн гэнэ. БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт дахиж үйлдэн гэм бурууг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх хэдийд хурлаа товлох нь тодорхойгүй байгаа юм.
Бэлтгэсэн Г.Равжаа