Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцааснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир Ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Архангай аймгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удирдаж байсан дээрх хүмүүсийг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, Ц.Мөнхнасанд эл хуулийн 11.4-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон билээ. Ц.Мөнхнасангийн хувьд ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Батсүх болон Ц.Мөнхнасан нарын харилцан зодолдож, бие биедээ хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь буруу гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, Т.Батсүхийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт нь Ц.Мөнхнасангийн биед хохирол учруулсан хэргийг нэгтгэн шалгах ёстойгоос гадна зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тодруулах хэд хэдэн зүйл байсан учраас НПГ-т хэргийг буцаасан юм. Тэгвэл эл хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн байна. Харин прокурор, шүүхийнхэн эл хэргийг “Шилжиж ирээгүй” гэв.
Бэлтгэсэн Г.Равжаа