Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас 10 гаруй хоногийн өмнө мал хулгайлж, нядлан борлуулсан хүмүүсийг энэ сарын 21-ний 22.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт олон тооны мал ачаад явж байхад нь цагдаагийнхан саатуулсан юм. ЭЦА-ны Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран ажилласны дүнд мал хулгайлж борлуулдаг бүлгийнхнийг баривчилсан. Хэргийн холбогдогч нар урьд нь мал хулгайлсан хэрэгт 2-7 удаа ял шийтгүүлж байсан гэдгийг албаныхан шалгалтаараа тогтоогоод буй. Увс аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн 36 настай Х.Арсланбаасай, 44-тэй Б.Даваа, 49-тэй Ц.Алтангэрэл, 31-тэй Б.Түвшинтөр, 34-тэй Б.Ням-Очир нар хулгайлсан зургаан үхрээ “Портер” загварын автомашинд ачиж явахад нь цагдаагийнхан саатуулсан. Тэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас есөн үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод буй аж. Гэмт этгээдүүд зүүн аймгуудын нутгаас нэлээд олон тооны мал хулгайлан тууж хот руу ойртуулаад улмаар шөнийн цагаар автомашинд цөөн тоогоор ачиж махны ченжүүдэд борлуулдаг байсан гэнэ. Хэрэгт холбогдогчдыг саатуулах үед тэдний нэг нь цагдаагийн алба хаагч руу хутга барьж дайрсан гэдэг. Мал хулгайлсан хэрэгт холбогдсон дээрх таван хүний нэг Х.Арсланбаасайг Сэлэнгэ аймгийн болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс орон даяар эрэн сурвалжилж байсан аж. Тэрбээр хулгайн болон бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт шалгуулж байгаад мөрдөн байцаалтаас оргосон нэгэн аж. Харин үлдсэн дөрвөн хүн нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан, хулгай, танхай, хорих ангиас оргосон, бусдын биед гэмтэл учруулсан, бусдыг тарчлаасан хэрэгт шийтгүүлж, гурван сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял эдэлж байжээ.
Шалгалтын явцад Ц.Алтангэрэл, Х.Арсланбаасай, Б.Даваа, Б.Түвшинтөр, Б.Ням-Очир нараас гадна О.Батцагаан, О.Сэржанцан гэх хүмүүс ч тэдэнтэй бүлэглэж Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нутгаас удаа дараа олон тооны мал хулгайлан нядалж махны ченжүүдэд борлуулсан нь тогтоогдож байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Хүйтний улирал эхэлж, айлууд идшээ бэлтгэх цаг хаяанд тулсан энэ үед мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай болдог. Тиймээс малчид өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнга хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд дээрх этгээдүүдийг илрүүлээд байна.
Бэлтгэсэн Г.Равжаа