Буянт-Ухаа дахь хилийн боомтоор өнгөрсөн наймдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн хэрэг гарсан. Тухайн үед хэвлэлүүдэд “1.1 сая ам.доллароор үнэлэгдэх хар тамхи хилээр нэвтрүүлжээ” хэмээн мэдээлж байсан билээ. Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид шалгаж дууссан бөгөөд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Энэ хэрэгт холбогдуулж А.Эрдэнэболор гэх залууг буруутгаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 4-нд иргэн Д.Б-ын нэр, хаягийг ашиглан улс хоорондын шуудан илгээмжийн “FedEx” сүлжээгээр дамжуулан 951.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсэгт заасан “зохион байгуулалттай бүлэг мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хил нэвтрүүлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2576 хэрэгт хяналт тавьж, 275-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор олны анхаарал татсан дээрх хэрэг багтсан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа