Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутагт архи уусан хоёр хүний нэг нь нөгөөг өө хутгалаад зугтлаа гэсэн мэдээлэл энэ сарын 14-ний 20.30 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт очиж шалгахад оршин суух тодорхой хаяггүй 25 настай Л амиа алдаж, гэмт этгээд зугтсан байж.
Талийгаачийг зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн байжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийг харсан гэрчүүдийн мэдээлэл, хаашаа зугтсан зэргийг тогтоон хэрэг гарсан газрын ойролцоо эрэн сурвалжлаад сэжигтэн нэг их холдолгүй нуугдсан байсныг олж саатуулсан байна. Тэр нь Баянзүрх дүүргийн иргэн, 25 настай эрэгтэй Б байжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхнээс лавлахад “Тэр хоёр их дотно найз байсан юм билээ.
Архи уучихаад үл ялих зүйлээс болж маргалдан нэгнийхээ амийг бүрэлгэжээ. Сэжигтэн эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээж байгаа” гэв.
Г.ЦОЛМОН