Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны ес, аравдугаар саруудад оройн цагаар ганц нэгээр явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоолоо. Тодорхой хэлбэл, 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Үүнд: Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны 3 хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тогтоогджээ.
Иймд иргэд Та бүхэн шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, хувь хүний аюулгүй байдлаа ханган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал, үйлдэлтэй тулгарвал нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хууль 17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/