Жил бүрийн аравдугаар сарын 25 бол дэлхийн нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эл өдрийг тохиолдуулан “Марал-Элч” сангийн тэргүүн Р.Энхчулуун, сурагч Э.Агь-Марал, тус сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгс нартай уулзаж ярилцлаа. "Марал-Элч" сан нь нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой. Уулзалтаар хөгжлийн бэрхшээл тэр дундаа нуруу нугасны ивэрхий өвчнөөс үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийн онцлог, хүндрэл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Ташрамд дурдахад, ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал нээж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн тасгийн эрхлэгч Б.Хандсүрэн, Х.Туул нар эрүүл зохистой хооллолт, стресс бухимдал, дасгал хөдөлгөөн, амьдралын буруу дадал хэвшил, эмийн зохистой хэрэглээ сэдвээр илтгэл тавьсан байна. Товчхондоо иргэд өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, мэргэжлийн багш, сургагч нараас зөвлөгөө, мэдээлэл авлаа.