Сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1100 сурагч, 62 багш, ажилтан хамруулжээ. Үүнээс сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, сорил тавих, баталгаажуулах шинжилгээг хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтад оруулсан гэнэ.
“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн профессор М.Тунсаг
“Цаашид ч гэсэн ЕБС-ийн сурагчдын сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт анхаарах хэрэгтэй. Учир нь өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит алхам юм. СХД-ийн хувьд хүн ам, өвчлөл олонтой, алсалмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэг хийж байна. Үзлэгийн дараа эмч нар нэгдсэн дүгнэлт хийнэ. Мөн өнөөдөр сэжигтэй гэсэн тохиолдлуудад СХД-ийн сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа” гэлээ.
Сүрьеэгийн эмч Ц.Загиржав
“Сургуулиудад дижитал рентген аппаратын тусламжтай сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг хийлээ. Энэ үеэр сүрьеэтэй байж болзошгүй гэж сонгосон хүүхдүүдэд сорил тавьж, шаардлагатай шинжилгээг хийж байна. Шинжилгээний хариу гарсны дараа хийх эмчилгээг дүүргийн диспансертай хамтран хийхээр ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүүхдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт эмчлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэв.
Энэхүү ажлыг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас санаачилж, ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин хамтарч ажиллаж байна.
Бэлтгэсэн Б.Содгэрэл