Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас өнгөрсөн пүрэв гарагт баталсныг эх сурвалжууд мэдээллээ. Уг тогтоолыг түүнд танилцуулахыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд даалгасан байна. Уг нь тус хэлтсийнхэн иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан, Ц.Анандбазарт холбогдох гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал хоёр ч удаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Учир нь Б.Сүнээд бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн үйл явдал нь хангалттай нотлогдоогүй, Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх бүсгүйчүүдээс хэн нь ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учраас МБА-ны мөрдөгч хаах саналаа удаа дараа хүргүүлсэн аж. Харин прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хянаж үзээд энэ сарын 21-нд Ц.Анандбазарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлтэй хэмээн тогтоол баталсан юм байна. Өдгөө түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 12.1-1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг болох Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалт бусаар ашигласан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх ЭЦА-ныхны саналыг прокурор хараахан шийдвэрлээгүй байна.
Бэлтгэсэн Г.Равжаа