Цар тахлын үед эмнэлгийн байгууллагууд хүний нөөцийн дутагдалд ороод буй. Ялангуяа өрхийн эмнэлгүүдэд мэргэжилтэй боловсон хүчний хомсдол нүүрлэсэн. Тиймээс хүн хүч дутуу Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сайн дурын ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулж, эмнэлгийн ачааллыг бууруулахад хүч хавсруулж эхлээд сар гаруй болж байна. Энэ шийдвэр үр дүнтэй байна уу, цар тахал иргэд болон эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжлахаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийг өнгөрсөн баасан гарагт зорилоо.
Тус төвийнхөн дүүргийнхээ хамгийн олон буюу 25 мянга орчим оршин суугчтай 11, 17 дугаар хорооныхонд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Тэдний 5600 нь 0-5 насны хүүхэд бол 2800 гаруй нь ахмад настан. Нутаг дэвсгэрийн хувьд ч том эдгээр хороонд орон сууцын барилга, хотхон олон бөгөөд энэ хэрээр хүн амын нягтаршил ихтэй. Үүнийг дагаад өвчлөл өндөртэй хороодын тоонд багтдаг юм байна. “Амгалан өрх”-ийн дарга Ц.Энхтуяагийн мэдээлснээр тус төв 25 ажилтантайгаас 11 нь эмч, зургаа нь сувилагч. Үүнээс гурван эмч, хоёр сувилагчийг “Ковид-19”-ийн тусламж, үйлчилгээний хэсэг буюу улаан бүсэд нэг сарын хугацаатай хуваарилан ажиллуулж буй. Үлдсэн эмч, сувилагч нь харьяаллынхаа хоёр хорооны салбарт ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, эл төвийнхөн гурван газарт хуваагдан тус бүрийнхээ үүргийг гүйцэтгэж байна.
“Амгалан өрх” өрхийн эмнэлэг тусламж, үйлчилгээг улаан, ногоон бүсэд тус тусад нь хийж байгаа нь тун оновчтой шийдэл аж. Коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнүүд, “Ковид-19”-ийн багц авах иргэд, сэжиг бүхий, шинжилгээ өгөх хүмүүс улаан бүс буюу тусдаа байрлах цэгт хандана гэсэн үг. Ингэснээр халдвар хамгааллын дэглэм сахихын зэрэгцээ иргэдийн сэтгэл зүйд ч дарамт бага байгаа талаар зарим хүн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүнчлэн “Хэвлэл мэдээллийнхэн сурвалжлаад яадаг юм, өвчтэй хүмүүсээ дийлэхгүй байж худлаа сурталчиллаа. Эмнэлгийнхний ажилд саад боллоо” гэх зэргээр шүүмжилж, бас бухимдлаа тайлах хүн ч таарав. Юутай ч сэтгэл, санаачилгатай байвал ажлаа зөв зохион байгуулж, ачаалал, эрсдэлийг ч бууруулах боломжтой санагдлаа. Нийслэлийн зарим дүүргийн өрхийн эмнэлгүүдэд ийм зохицуулалт байхгүйн улмаас халдвар авсан өвчтөнүүд болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс нь холилдож байгаа гэсэн шүүмжлэл нэлээд гарах болсон.
Б.ЭНХ-АМГАЛАН: САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ БОДИТОЙ БУУРУУЛЖ БАЙГААД ЭМЧ НАР ТАЛАРХДАГ
Иргэдийн харилцаа хандлага, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь цар тахлын үед илүүтэй мэдрэгдэж байгааг тус төвд томилогдон ажиллаж буй тандалтын багийн ажилтан Б.Энх-Амгалан ярив. Хан-Уул дүүргийн Соёлын ордонд ажилладаг түүнээс хэдэн зүйл тодрууллаа.
-Та “Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Өрхийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс томилсны дагуу тус төвд 17 дугаар хорооны тандалтын багт багтан, иргэдэд утсаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ эмчтэй холбох зэргээр чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Аравдугаар сарын эхнээс ажиллах болсон захирамжийн дагуу бол он дуустал энэ үүргийг гүйцэтгэнэ. Тандалтын багийнхан ажилласан өнгөрсөн хугацаанд ачаалал тодорхой хэмжээнд буурсан гэдгийг өрхийн эмч, ажилтнууд хэлж, талархаж байгаа. Цар тахлын үед иргэдийн сэтгэл зүй маш эмзэг болдог юм байна. Тандалтын багийнхны бас нэгэн үүрэг нь сэтгэл зүйд чиглэсэн зөвлөгөө өгөх, яриа өрнүүлэх юм. Өвчний тухайд мэргэжлийн зөвлөгөөг эмч нар өгдөг.
-Өдөрт дунджаар хэчнээн хүнтэй холбогддог бол?
-Өдөрт 30-60 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Тэр болгонд утсаар холбогдож, хүртээмжтэй ажиллахыг хичээдэг. Заримдаа амжихгүй өнжөөд утасддаг. Иргэд өдөр бүр холбогдохыг шаарддаг. Зөвхөн өөртэй нь харилцаж байгаа мэт илүү урт хугацаанд ярилцахыг, зөвлөгөө авахыг хүсдэг. Гэтэл өрхийн эмнэлгийнхний хувьд тийм боломж үнэхээр алга. Эмч нар амралтын өдрүүдэд ч ажиллаж, байнга дуудлагатай, ачаалалтай байдгийг дунд нь ороод л мэдэрлээ. Үүнийг бууруулах зорилгоор тандалтын баг болон сайн дурынхныг ажиллуулж байгаа нь оновчтой шийдвэр болжээ.
-Та сая ярьсан нэг иргэнд талархлаа илэрхийллээ. Ямар учраас тэр вэ?
-Эмийн багц хүрэлцэхгүй тохиолдол олон гардаг юм байна. Энэ талаар иргэдэд тайлбарлаад боломжтой бол өөрсдөө худалдаж авахыг санал болгодог юм. Зарим иргэн үүнийг ойлгож, хүлээж авдаг. “Би өөрөө авах боломжтой. Эмийн багцаа зорилтот бүлгийнхэнд хүргээрэй” гэдэг хүмүүс ч бий. Сая ярьсан иргэн ийм хандлагатай байсан учраас талархал илэрхийллээ. Ер нь иргэдийн олонх нь эмийн багцыг худалдаж авах боломжгүй гэдэг.
-Сайн дурын ажилтнуудыг цалинжуулж байгаа гэсэн үү?
-Бидний хувьд төрийн албан хаагчийнхаа цалинг л авч байгаа. Ямар нэгэн урамшуулалт цалин, хангамж аваагүй. Сайн дурын бусад ажилтнуудын хувьд ямар байгааг мэдэхгүй.
-Та хэдийгээр утсаар зөвлөгөө өгч байгаа ч улаан бүс болгосон энэ цэгт ажлын өдрүүдэд тогтмол ирдэг учраас ачаалал хэр байна вэ?
-Ачаалал асар их учраас дараалал үүсдэг. Хүмүүс маш их бухимдалтай, ууртай ханддаг. Өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй ч гэсэн сэтгэл зүйн дэмжлэг авахыг хүсэж ирдэг хүн цөөнгүй ажиглагддаг. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг баг ажиллуулбал тун хэрэгтэй гэж бодож байна. “Та даарч болохгүй, дулаан хувцаслаарай” гэхчлэн сэтгэлээсээ хандаад зөвлөхөд л хүмүүсийн хандлага өөрчлөгдөж баярлаж байгаа нь мэдрэгддэг. “Өрхөөс ярьж байна” гэхэд л хэчнээн баярладаг гэж санана. Тэгэхээр эмнэлгийнхэнд хүч нэмэгдүүлж ингэж ажиллуулж байгаад талархууштай. Миний бодлоор иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байна. Хэдийгээр халдвар авсан ч нөхцөл байдлаа зөв хүлээн авч, бусдад хандах хандлагадаа анхаарахгүй бол “Би өвдчихлөө, та нар үйлчлэх ёстой” гэсэн сэтгэлээр явбал өөрийгөө л улам ядраана гэдгийг ойлгоосой. Мэдээж эмч нар чадлаараа л үйлчилж байгаа, гэтэл юу ч хийхгүй байгаа мэтээр загнаж, аашилж байгаа хүмүүсийг үнэхээр зөвтгөмөөргүй санагддаг. Дуудлагаар явдаг эмч нар үгээ барах нь бий. Заримынх нь тэсвэр тэвчээр барагдаад ажлаасаа гарч байна.
-Сайн дурынхан болон тандалтын багийнхан халдвар хамгааллаа хэрхэн сахиж байгаа вэ?
-Хувцас, амны хаалт зэргийг өрхийн эмнэлгээс өгдөг. Халдвар хамгааллаа эмч, эмнэлгийнхэнтэй л адил сахиад, дархлаагаа дэмжих хоол хүнс, аминдэм ууж байгаа.
“БИД ИРГЭДЭЭС ДУТАХГҮЙ СЭТГЭЛИЙН ДАРАМТТАЙ БАЙНА”
Улаан бүсэд энэ сарыг дуустал ажиллах хуваарьтай Ж.Оюунчимэг эмчийн өрөөнд 4-5 настай охиноо дагуулан орж ирсэн бүсгүй “Нөхөр маань халдвар авсан нь өчигдөр “Интермэд” эмнэлгийн шинжилгээгээр батлагдчихлаа. Охин минь өчигдрөөс хий ханиалгаад эхэлсэн учраас сая шинжилгээ өгөхөд ашгүй сөрөг гарлаа. Би одоо нөхөртөө эмийн багц авъя” гэв. Эмч “Аав халдвар авсан нь батлагдсанаас хойш зургаа дахь өдөр охиноо шилжилгээнд хамруулаарай. Нууц үедээ сөрөг гарах тохиолдол байдаг учраас сайн ажиглаад, юуны түрүүнд урьдчилан сэргийлж Д, С аминдэм, шингэн зүйл уулгаарай. Гэрийнхээ агаарыг байнга сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй” гэхчлэн зөвлөв.
Хүүхдээ дагуулсан бүсгүйн дараа нэлээд сандарсан нэгэн эмэгтэй орж ирээд “31 долоо хоногтой жирэмсэн эгч минь халдвар авчээ. “Ковид-19”-ийн шинж тэмдгүүдээс гадна хэвлийгээр нь хатуурч, зангирч өвдөөд эхэллээ. ЭХЭМҮТ-д яаралтай хэвтүүлэхээр ярьсан. Тэгтэл өрхийн эмнэлгээсээ 13 дугаар маягт заавал авчир гэлээ. Яарахгүй бол горьгүй нь” гэсний дагуу шаардлагатай баримт бичгийг нь өгөөд явуулсан юм. Түүнтэй зөрж орж ирсэн залуу гэртээ тестээр үзээд коронавирус “бариад” авснаа баталгаажуулах шинжилгээ өгтөл гарцаагүй аж. Тэрбээр “Одоо яах ёстой билээ” гэсээр эмчид хандав.
Өглөөнөөс эхлээд энэ мэтээр иргэдийн хөл хөдөлгөөн үргэлжилсээр 13.00 цагтай золгов. Хоол цайндаа орох талаар дуугарах хүн эмнэлгийнхэн дунд байсангүй. Энэ хооронд эмчээс зарим асуултад хариулт “нэхлээ”. Өнгөрсөн хавар сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг өрхийн эмнэлэг хэмээх “тулааны” талбараас эхлүүлсэн шинэ эмч бүсгүй “Өрхийн эмнэлгийн эмч нарын ачааллыг тандалтын багийнхан болон сайн дурын ажилтнууд бодитоор бууруулж байгаад үнэхээр талархдаг. Өмнө нь бид үзлэгээ хийж байхдаа ч утсанд ирсэн дуудлага бүрт хариулж, зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан. Хүн үзэж байгаад дуудлагад хариулахгүй тохиолдолд иргэд маш их уурлаж “ажлаа хийсэнгүй” гэдэг. Жишээ нь, энэ сар гарснаас хойш Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 900 гаруй иргэн “Ковид-19”-өөр халдварлаад байна. Тэр тохиолдол болгонд бид холбогдож биеийнх нь байдлыг асууж, мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ. Үнэхээр яагаад ч амжихгүй. Эмнэлгийн утас 00.00 цаг хүртэл дуудлагад “дарагдаад” ч өвчтөн бүртэй ярих боломжгүй. Ачаалал ийм байгааг иргэд огт ойлгохгүй загнана. Энэ ачааллыг тандалтын багийнхан үүрэлцэж, шаардлагатай тохиолдолд эмчтэй холбож, эмийн багц өгөх зэргээр зохион байгуулалтад орсон учраас ажлын ачаалал буурч байна. Эмийн багцын хүрэлцээнээс болж бас уурлах нь энүүхэнд, юм аваад шидэж байсан тохиолдол ганц, хоёроор тогтохгүй. “Та нар бидний “даатгалаар” амьдардаг” гэж загнадаг хүн олон. Биднийг ойлгож, хүлээцтэй ханддаг хүн цөөн ч гэсэн байдагт нь бас баярладаг. Хүмүүсийн харилцаа, хандлагаас эмнэлгийн ачаалал бас нэмэгдэх нь бий. Иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх ёстой гэсэн хандлагатай байна. Нэн шаардлагатай тохиолдолд бид “ор зохицуулагч” нартайгаа холбогдоод хэвтүүлдэг болсон. Энэ үйлчилгээ ч гэсэн эмнэлгийн ажлыг багагүй хөнгөлсөн гэж боддог. Цар тахлын үеийн ачаалал, иргэдийн бухимдлын талаар яривал дэндүү гомдоллосонюм болно. Хамгийн гол нь бид амралтын өдөр ч гэртээ утсаар зөвлөгөө, мэдээлэл хүргэх ажлаа хийсээр байдаг. Яг хооллож байтал утас дуугарна. Авахгүй бол “алуулна” шүү дээ. Тэгээд л ширээний араас босоод гэрийнхэндээ дарамт болохгүй гээд холдож байгаад ярина. Мөн нийгмийн сүлжээн дэх хорооныхоо иргэдийн группийн мэдээллийг байнга харж, хариулж байх үүрэгтэй. Би 11 дүгээр хорооны иргэдийнхээ мэдээллийг хардаг. Энэ мэтээр үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах цаг гардаггүй. Энэ нь нэг талаар үр хүүхдээ үл анзаарсан хүчирхийлэл шүү дээ. Би хүүхдээ хөдөө аав, ээж рүүгээ явуулчихсан. Ганц сар шүү дээ, дараа нь гайгүй болно гээд л тэвчиж байгаа. Ингэж ажиллаж байгаа хэрнээ цалин үнэхээр бага.
Өөр нэг зүйлд сэтгэл эмзэглэдэг. Бид өөрсдөөс нь дутахгүй сэтгэлийн дарамттай байгааг иргэд огт ойлгодоггүй. Бүр зарим нь эд хөрөнгө, албан тушаалаараа сүрдүүлэх гэж оролддог, муухай. Энэ бол хүчирхийлэл” гэж ярьсан юм.
АЛБАНЫХНЫ МЭДЭЭЛЭЛ АЖЛЫН ТАЛБАР ДАХИАС ЗӨРДӨГ
Хүйтний ам наашилсан энэ улиралд томуугийн өвчлөл ихэсдэг. Түүнчлэн ларингит, ангина зэрэг хоолой “барьдаг” өвчлөл нэмэгддэг. Эдгээр өвчний үед хамраас шингэн нус гоожих, хоолой сэрвэгэнэх, хөндүүрлэх, ханиалгах зэрэг зарим шинж тэмдгийн хувьд коронавирусийн халдварынхтай төстэй учраас иргэд “Ковид-19”-өөр халдварлачихлаа” гэж өөрийгөө “оношилж” айж түгших нь түгээмэл байгааг улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сайн дурын ажилтнууд ярьж байлаа. Энэ нь хүмүүс сэтгэлийн түгшүүр ихтэй байгаагийн илрэл бөгөөд өөрт илэрсэн шинж тэмдэг, зовуурийг зөв тогтоогоод, цар тахлын асуумжийн дагуу “надад халдварын хавьтал байсан уу гэхчлэн тодорхойлсны дараа шаардлагатай бол эхний ээлжинд гэртээ яаралтай тусгаарлах нь хамгийн зөв арга гэдгийг зөвлөв. Үүний дараа нэг удаагийн оношлуураар халдвар авсан, эсэхээ үзээд, хэрэв эерэг гарвал өрхийн эмнэлэгтээ хандах зарчмаар дэс дараалалтай явахыг учирлалаа. Зарим иргэний хувьд айж сандарсандаа, эсвэл мэдэн будилж шууд л эмнэлэгт хэвтүүлэхийг шаардаж хүндрэл, үл ойлголцол үүсгэдэг нь өрхийн эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалалд нэрмээс болдог гэсэн.
Иргэд “Ковид-19”-ийн халдвартай, эсэхээ эхлээд гэртээ тестээр үзээд, эерэг тохиолдолд өрхийн эмнэлэгт шинжилгээгээр дахин баталгаажуулснаар дараагийн арга хэмжээнүүдийг авч байгаа нь эдийн засгийн хувьд дарамттай, цаг хугацаа алдах ч эрсдэлтэй” гэж шүүмжилдэг. Нөгөөтээгүүр, өрхийн эмнэлгүүдэд тараадаг, илрүүлгийн тест “хаачсан бэ” гэж хардах хандлага хүмүүсийн дунд байгаа нь нууц биш. Энэ талаарх асуултад Ц.Энхтуяа эмч “Өрхийн эмнэлгүүдэд оношлуурын тест хуваарилдаг ч хүрэлцдэггүй. Жишээ нь, есдүгээр сарын дундуур 500 ширхгийг хуваарилсныг нь хэмнэж, гамнаад ч долоо хоногоос хэтрэхгүй дууссан. Хангалт, нөөц хомс байгааг иргэдэд учирлаад, тестийг өөрөө аваад ирэх боломжтой, эсэхийг асуухаар маш их бухимддаг. “Тест хангалттай түгээж байгаа гэж зурагтын мэдээгээр ярьсан. Гэтэл та нар яагаад иргэдээс харамлаад байгаа юм” гэхчлэн зөрчилдөөн үүсдэг. Албаны мэдээлэл нь анхан шатны эмнэлгүүдэд болж байгаа үйл явцтай энэ мэтээр зөрдөг” хэмээлээ.
Мөн үүссэн нөхцөл байдалтай уялдаад ачаалал хэд дахин нэмэгдсэн, ажлын цагийг уртасгаж, амралтын өдөр ч үүрэг гүйцэтгэж байсаар атал цалин нэмэгдэхгүй байгаад өрхийн эмч, ажилтнууд шүүмжлэлтэй хандаж, гомдолтой буйгаа хэлэв. Ц.Энхтуяа эмч ч энэ тухай яриад, цалин хангамжийг дотооддоо нэмэгдүүлэхэд учирдаг зовлонгоо хуваалцлаа. Дээс томоод найзыгаа аврах гэсэн царцааны үлгэр шиг л юм. Иргэд “Ковид-19”-ийн багцыг өөр эмнэлгээс давхардуулан авах тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Тодруулбал, бүр болон түр оршин суугч зэргээр тухайн хаягт бүртгэлтэй хэмээх шалтгаанаар нэг иргэн хэд хэдэн газраас эл багцыг авдаг. Мөн тухайн эмнэлгээс эмийн багц авсан иргэн эмнэлэгт хэвтэх тохиолдол бий. Энэ мэтчилэн давхцалаас болж өрхийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө нь орж ирдэггүй зовлон байдгийг “Амгалан өрх”-ийн дарга учирлав. Эмнэлгийн ажилтнуудын урамшлууллын цалинд ч энэ нь нөлөөлдөг гэнэ.
Энэ мэт асуудлыг уг нь цахим мэдээллээр хянаж болмоор санагдах юм. Гэтэл үгүй аж. Үүнд нөлөөлөх өөр нэгэн асуудал нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой буюу хаягийн бус тохиолдолд ч, даатгалгүй ч байсан иргэдэд эмийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заалттай гэсэн. Үүнийг далимдуулан зарим иргэн увайгүй аашилж байгаа нь харамсалтай.
Бид аливаа үйл явдал, нөхцөл байдалд иргэдийн эрхийн талаар голчлон дуугардаг. Эмч, цагдаа зэрэг албаныхныг “Үүргээ гүйцэтгэж байна” гэсэн шалтгаанаар орхигдуулж, мэргэжил, албан ажлынх нь цаана хувь хүн, гэр бүл, үр хүүхэд нь гээд олон хүний эрх хөсөр хаягддагийг “мартдаг” талтай. Эмчийн мэргэжил сонгосон нь гэр бүлийнхнийхээ иргэний эрхийг зөрчих, зөрчүүлэх шалтгаан болж байгаад бухимддаг талаараа ч тус эмнэлгийнхэн өгүүлснийг бодох л хэрэгтэй. “Амгалан өрх”-ийн дар
га “Сургуулиа төгсөөд л эмнэлгийн анхан шатны байгууллагад ирсэн эмч, сувилагч нарыг дураараа доромжлох нь энүүхэнд. Хэдийгээр их, дээд сургууль төгссөн, насанд хүрсэн ч энэ хэд маань аав, ээждээ бол нялхаараа шахам. Гэтэл загнуулж, зүхүүлсээр зүрх нь үхээд ажлаас гарахад хүрдэг. “Ална, зодно, эмнэлгийг чинь шатаана” гэж хүртэл занах нь бий. Залуу эмч нар ажилдаа тогтохгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ мөн. Өдөр бүр шахам л уйлчихсан харагддаг. Ялангуяа улаан бүсэд ажиллахдаа маш их стресстдэг” гэсэн юм.