Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүл эко ногоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар хангадаг. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны өндөр настан Н.Чойжавын гэр бүл 1000 гаруй мод тарьсан байна.
Баянгол дүүргийн есдүгээр хорооны өндөр настан А.Батцэрэнгийн гэр бүл хөрсний бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулж 500 гаруй мод, жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулдаг аж. Түүнчлэн өөрсдийн тарьсан жимсээр ундааны цех ажиллуулдаг аж.
Мөн Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Баярсайханы гэр бүл, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, гар үйлдвэрлэл эрхэлдэг М.Доржпаламын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Данзангийн гэр бүл, 41 дүгээр хорооны иргэн Д.Батбаярын гэр 24 төрлийн хүнсний ногоо тарьдаг амжилтаараа шилдэг гэр бүлээр шалгарчээ. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Л.Нэргүйн гэр бүл 500 гаруй мод, бут тарихаас гадна 20 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадамхандын гэр бүл услалтын системээ бүрэн шийдэж, усан оргилуур байгуулсан учир тус тус "Тэргүүний өрх гэр" шагналын эзэн боллоо.