ЭМЯ-наас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Гуравдугаар эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир энэ өдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв. Тэрбээр "Коронавирусийн халдвараар нас барах иргэдийн тоо буурахгүй байгаа нь архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүйтэй холбоотой. Мөн иргэд халдвар хамгааллын дэглэм хангалттай мөрдөхгүй байна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагаар 4-5-уулаа ирж үйлчлүүлэх зэргээс шалтгаалж өвчлөл өсөж буйг онцоллоо. Тус эмнэлэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн 4 дүгээр сараас хойш 1800 орчим коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийг эмчилж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлыг хувиар илэрхийлвэл, 60-70-аас дээш хувь нь хүндэвтэр, 18-20 нь нэн хүнд, хүмүүс байна. Мөн тэрбээр хэлэхдээ, коронавирусний эмчилгээ оношилгооны түр зааврыг шинэчлэх, боловсруулах эмнэлзүйн зөвлөх баг 21 аймгийн 9 дүүрэгт хуваарилагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг биеэр болон алсын зайнаас 24 цагаар өгч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэв.
Бэлтгэсэн Б.Содгэрэл