Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос, ноолуурын болон Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран “Мишээл экспо” төвд дотоодод үйлдвэрлэсэн арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өчигдөр эхлүүллээ. Малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг 15 дахь жилдээ зохион байгуулж буй аж. Энэ удаад нэхий, савхи болон үслэг эдлэл, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгал үйлдвэрлэдэг “Дархан нэхий”, “Булигаар”, “Агни”, “Говь”, “Мон ирээдүй” зэрэг 100 гаруй компани оролцож байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өөрсдийн нэрийн болон бусад дэлгүүрт борлуулдгаас 20-30 хувийн хямдралтай үнээр зарж буй.
Сүүлийн жилүүдэд ноолууран эдлэлээс дутуугүйгээр сарлагийн хөөвөр, хонины ноосон бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдан авах нь нэмэгджээ. Учир нь хөөвөр, ноосоор хийсэн хувцасны чанар, загвар, өнгө үзэмж улам сайжрахын зэрэгцээ үнэ нь хямдавтар байгаа юм. Мөн элдэж, боловсруулан, дээл хийхэд бэлэн болгож эсгэсэн сэгсүүрэг, хурга, ишигний арьсны эрэлт өсөж буйг үйлдвэрлэгчид дурдлаа. Дээрх үзэсгэлэн ирэх даваа гаргийг дуустал үргэлжилнэ.
Бэлтгэсэн С.Цэрэн