Хичээлийн шинэ жил эхэлсэн, өмчлөх эрхийн эсрэг улирлын чанартай гэмт хэрэг ихэсдэг цаг үетэй уялдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах ёстой этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргосон болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүс, сураггүй алга болсон хүн, хэн болох нь танигдаагүй цогцсуудыг тогтоох зорилгоор ЦЕГ-ын даргын энэ сарын 1-ний тушаалаар “Илрүүлэлт, оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийнхан 344 гэмт хэрэг илрүүлжээ. Үүний дотор хүний амь санаатай бүрэлгэсэн гурав, эд зүйл хулгайлсан 79, мал хулгайлсан болон дээрмийн тус бүр 14, бусад 230 хэрэг багтсан аж.
Мөн эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324, сураггүй алга болсон 49 иргэн, 14 хүүхэд, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлчихээд түүнээс зугтсан 64, зөрчил үйлдсэн 16 гээд нийт 525 хүнийг олж тогтоосон байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн урд О нь толгойдоо гэмтэлтэй, эмнэлэгт ухаангүй хүргүүлж очоод нас барсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоожээ. Чингэлтэй дүүргийн нутаг, “Их бүрд” караоке баарны ойролцоо иргэн С цахилгаанд цохиулж нас барсан хэргийг үйлдсэн хүнийг мөн илрүүлсэн аж. Түүнчлэн “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд цагдаагийн байгууллагын зургаан нэгжээс эрэн сурвалжилж байсан О.Ган-Эрдэнийг саатуулжээ. Мөн “Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилсан мэхэлсэн Ш.Хэрлэнбаатарыг олж баривчилсан гэнэ.
Бэлтгэсэн Г.Орчлон