ОХУ-д коронавирусийн халдварын тархалтыг намжаах үүднээс энэ сарын 30-наас ирэх сарын 7 хүртэл цалинтай, ажлын бус өдрүүд зарлах зарлигт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав. Сүүлийн долоо хоногт “Ковид-19” туссан болон уг өвчнөөр нас барагсдын шинэ дээд үзүүлэлт тус улсад бүртгэгдсэн юм. Цар тахлын дөрөв дэх давлагаа өмнөхүүдээс илүү аюултай байж болзошгүй гэж эмч, мэргэжилтнүүд нь тооцоолжээ.
Халдварын тохиолдол болон нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ажлын бус өдрүүд зарлах саналыг тус улсын Шадар сайд Татьяна Голикова урьд нь тавьсан аж. Үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сарын 1-10-нд ОХУ даяар ажлын бус өдрүүдийг зарласан бөгөөд энэ арга хэмжээ зохих үр дүнгээ өгсөн гэж Оросын эрх баригчид үзэж байна.
Ирэх долоо хоногт өвчлөл буурахгүй бол Москвад хөл хорио тогтоож магадгүй гэнэ. Ингэсэн тохиолдолд ресторан, кафе, фитнес клуб, гоо сайхны салон, театр, кинотеатр, амьтны хүрээлэн болон амралт, зугаалгын бусад газрын үйл ажиллагааг зогсоох юм. Ажлын бус өдрүүдэд сургуулиуд ч хаалгаа түр барих бөгөөд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих үйлчилгээг зогсоох аж. Вакцинд хамрагдсан хүмүүсийн хөдөлгөөнийг ч хязгаарлах бололтой. Москвагийн 60-аас дээш насныхан, архаг, хүнд өвчтэй хүмүүсийг энэ сарын 25-наас ирэх жилийн хоёрдугаар сарын 25 хүртэл гэр зуураа байх, ажил олгогчдод ажилтнуудынхаа 30-аас доошгүй хувийг зайнаас ажиллуулах зөвлөмжийг өнгөрсөн мягмар гарагт тус хотын захиргаанаас өгчээ. ВВС-гийнхэн Оросын янз бүрийн бүс нутгийн эмнэлгийн ажилтнуудаас нөхцөл байдал ямар байгаа, дөрөв дэх давлагаа өмнөхүүдээс юугаараа ялгаатай байгаа талаар тодруулжээ. “Одоо хүүхдүүд маш олноороо өвдөж байна. Бүр дөнгөж мэндэлсэн нярай ч халдвар авч буй. Урьд нь хүүхэд бараг өвддөггүй байсан. Өндөр халуурч, температурыг буулгах хэцүү байна гэж эцэг, эхчүүд ярьдаг. Гэхдээ коронавирус хүүхдэд хүнд хэлбэрийн ханиад, томуу шиг илрээд, хүндрэлгүй эдгэрч байна” гэж Воркута хотын нэг эмнэлгийн эмч өгүүлжээ. Тус хотод хүүхдүүдээс PCR шинжилгээ бараг авахгүй, өвдсөн бүх хүүхдэд ханиад, томуу гэсэн онош тавьдаг бөгөөд энэ нь цар тахлын статистикийг өсгөхгүй байхад чиглэсэн гэнэ. Дөрөв дэх давлагааг ерөнхийдөө сүүлийн жил зургаан сар гаруй хугацаанд дэгдсэнээс ялгаа бараг байхгүй гэж зарим эмч ярьжээ.
ОХУ-д коронавирусийн халдвар авсны улмаас мягмар гарагт 1028 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг хоногт хамгийн олон хүн эндсэн тохиолдол болсон байна. Мөн өнгөрсөн сарын дунд үеэс хойш тус улсад өдөр бүр халдварын дээд үзүүлэлт буюу 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нас барсан хүний тоо 226 353-т хүрч, халдварын батлагдсан тохиолдол 8 094 825 болжээ.