Өмнө нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг өчигдөр бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад нь саатууллаа. Тодорхой хэлбэл, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа. Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.