Олон нийтэд мэдээлэл хүргэх үндсэн ажил үүргээ гүйцэтгэж явсан “Unuudur.mn” мэдээллийн сайтын сурвалжлагч О.Алуунгуа өчигдөр халдлагад өртөв. Тэрбээр Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас “Төрөөс (Татвар төлөгчдийн төрд төвлөрүүлсэн мөнгөнөөс) 4 тэрбум төгрөг нэхсэн нь бодитой юу”, “Та УИХ-д дахиж нэр дэвших үү” гэж асуусан билээ. Харин С.Жавхлан хариулт өгөхөөс татгалзаж, бүр сэтгүүлчийн толгой руу утсаараа хэдэнтээ тоншоод авсан. Улмаар “Худалдагдсан сэтгүүлч”, “Бусдын бэлдэж өгсөн асуултыг асуулаа” гэх зэргээр хувь хүний хийгээд ажил мэргэжлийнх нь нэр хүнд, бие махбодод нь бүдүүлгээр халдсан.
Тэрбээр,
Нэгдүгээрт, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 12.1-1-т “Хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, аливаа хэлбэрээр хүч хэрэглэхгүй байх, зохион байгуулагчийн зүй ёсны шаардлагыг ёсчлон биелүүлэх” гэж заасныг зөрчиж, мэдээлэл авахаар очсон манай сэтгүүлчид хүч хэрэглэсэн.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд зааснаар Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах нь хориотой. Тодорхой хэлбэл, 14.3-1-т “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж цагаан дээр хараар бичжээ.
Өөрөөр хэлбэл, С.Жавхлан сэтгүүлчид мэдээлэл өгөхгүй хэмээн гар далайн сүрдүүлж, элдэв үгээр хэлсэн нь ганц манай сэтгүүлчийг бус бусад сэтгүүлчийг ч ингэж шүү гэдгээ үйлдлээрээ харууллаа хэмээн үзэж байна.
Гуравдугаарт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл гэж бий. Уг хуулийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Үүний дагуу иргэн С.Жавхлан сэтгүүлчийг худалдагдсан хэмээн гүтгэж, биед нь халдаж, иргэний мэдэх эрхэд саад учруусныхаа гэм хорыг арилгах үүрэг хүлээх учиртай. Түүний эл үйлдэл нэг сэтгүүлч бус нийт сэтгүүлчид хамаатай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, С.Жавхлан сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаж, биед нь халдсанаараа иргэдийн мэдэх эрхийг боомилж, гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл байна.
Дөрөвдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар С.Жавхланг танхайрсан хэмээн үзэж байна.
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж хэмээн заажээ.
Тиймээс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон Иргэний хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн “Unuudur.mn” мэдээллийн сайтын зүгээс иргэн С.Жавхланг сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, хувь хүн хийгээд ажил хэргийн нэр хүндэд халдсан, иргэдийн мэдэх эрхийг боомилсон, сэтгэл санаа, бие махбодын хохирол учруулсан, олон нийтийн газар танхайрсан үндэслэлээр хуулийн байгууллагад хандаж гомдол гаргахаа мэдэгдэж байна.