Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд өнөөдөр ажиллажээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд улсын хоёрхон цэцэрлэг, 26 дугаар хороонд одоог хүртэл улсын цэцэрлэг баригдаагүй гэнэ. Энэ нь зарим хүүхдүүд өөр дүүргийн цэцэрлэг, сургуульд хамрагдах, улмаар хотын түгжрэлийг нэмэх шалтгаан болж байгаа юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байна. Харин 26 дугаар хороонд 31 мянган хүн амтай. Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Энд цэцэрлэгийн насны 2580 хүүхэд байна.
Иймээс тус хороодод 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулах газар болон төсвийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр “Хотын даргын хувьд цаашид сургууль цэцэрлэг, ногоон байгууламжгүй нэг ч орон сууцны хотхон Улаанбаатар хотод бариулахгүй. Иргэн рүүгээ чиглэсэн, амьдрах орчныг бүрэн хангасан орчин бүрдүүлнэ” гэсэн юм.
Бэлтгэсэн Б.Содгэрэл