Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж тогтоох ажлыг эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/241 дугаар тушаалаар аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Улмаар эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас эзэн холбогдогч тоорхойгүй байсан 344 гэмт хэргийг илрүүлсэн байна.
Үүнд:
-Хүнийг санаатай алах 3,
-Хулгайлах 79,
-Мал хулгайлах 14,
-Дээрэмдэх 14,
-Хүчиндэх 4,
-Бусад 230 хэрэг байна.
Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоожээ. Тухайлбал, 2021.09.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн О нь толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан хэрэг бүртгэлтийн хэрэг, 2017.06.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Ихбүрд караоке баарны хажууд хашаанд иргэн Сундуй цахилгаанд цохиулж нас барсан хэрэг бүртгэлтийн хэргийн эзэн холбогдогчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Үүнээс гадна “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнэ, “Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.